“Road Мongolia” клубийн тамирчин, ОУХМ А.Оюун-Эрдэнэ 2019 оноос дугуйтай нөхөрлөж, амжилтынхаа гарааг эхлүүлсэн. Тэрбээр өмнөх жил нь триатлоны УАШТ-ий Try-Tri ангилалд алтан медаль хүртэж, 2019, 2024 онд дуатлоны улсын аваргаар шалгарч байв. Засмал замын дугуйн мастерсын УАШТ-ээс иж бүрэн медаль гардсан тэрбээр 2022 онд уулын дугуйн сонирхогчдын ангилалд хурд сорьж, шилдэг тамирчнаар тодорсон түүхтэй. Тэгвэл Тайландын Питсанюлок, Пичит хотод өнгөрсөн сард зохион байгуулсан засмал замын дугуйн Азийн АШ 44 дэх удаагийн тэмцээнд оролцохдоо 40-44 насныхны ангилалд мөнгөн медаль хүртэж, тивийн тамирчдад хүчтэй өрсөлдөгч болохоо харуулсан юм. Тэрбээр триатлон, дугуйн спортоос гадна дуатлоноор хичээллэдэг. Эх орондоо есдүгээр сард болох Зүүн Азийн дуатлоны АШТ-д оролцохоор бэлтгэлээ үргэлжлүүлж буй түүнийг зочноор урилаа.
-Эх орондоо медальтай ирэхэд тань олон хүн баяр хүргэж угтсан. Миний мэдэхээр та дугуйн спортод хожуу хөл тавьсан ч богино хугацаанд амжилт гаргалаа.
-Баярлалаа. Онгоцноос буухад гэр бүл, найз нөхөд, дасгалжуулагч багш, дугуйн клубийн хамт олон гээд олон хүн баяр хүргэж угтсан нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би 2019 онд 34 насандаа засмал замын дугуйгаар хичээллэж, дотоодын тэмцээнээс цөөнгүй медаль хүртсэн ч олон улсын уралдаанд хараахан оролцоогүй байв. Хоёр жилийн өмнөөс Азийн АШТ-д өрсөлдөхөөр зорьж, бэлтгэлээ шаргуу хийж эхэлсэн. Миний хувьд тивийн тэмцээнд анх удаа хурд сорьж, амжилт гаргасандаа сэтгэл өндөр байгаа.
-Гэрийнхэн тань тэмцээнтэй өдрүүдэд таны уралдахыг харахаар догдолж суусан байх даа.
-Тамирчдыг барианд оронгуут шагналыг нь тэр даруй гардуулдаг. Бөөн гараат уралдаанаас мөнгөн медаль хүртчхээд гэрийнхэндээ түрүүлж дуулгахаар утсаа асаатал хүмүүс хэдийн үзээд цахим хуудаст маань урам хайрласан сэтгэгдэл бичсэн байв.
Тайланд манайхаас уур амьсгалын хувьд дулаан тул ямар цаг агаар, орчин нөхцөлд уралдахыг явахаасаа өмнө багагүй судалж сэтгэл зүйгээ бэлдсэн. Монголд дугуйн тамирчдын хувьд өвөл бэлтгэлийн бус улирал. Хүйтнээс халуун уур амьсгалд дасан зохицох амаргүй. Сэтгэлийн хат, тэсвэр хатуужил маш их шалгадаг юм билээ. Манай тамирчид тийм хүнд нөхцөлд уралдсан хэрнээ л Азийн орнуудын хүчтэй өрсөлдөгч болж, бүх ангилалд амжилттай хурд сорьсон. Бусад орны дугуйчид ангилал тус бүрд оролцсон монгол тамирчдыг анаж уралдах нь тэмцээний үед ажиглагдсан шүү.
-Олон улсын дугуйн холбоо гишүүн улсуудын чансааг шинэчлэн гаргахад Монголын дугуйн холбоо тивдээ IV, дэлхийд чансаагаараа 39 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна билээ.
-Тийм ээ. Дэлхийн чансааг Бельги улсын тамирчид тэргүүлж, Словени, Испани, Франц, Дани удаалсан. Монголын тамирчид Азийн АШТ-д амжилт арвин гаргасны үр дүнд БНХАУ-ын өмнө бичигдэж, оноогоор илүү гарсан ч Тайландын дугуйчид томоохон үсрэлт хийсэн тул тивдээ IV байрт жагслаа. Өмнөх уралдаан, энэ удаагийн тэмцээнээр ч гэсэн манайхан басаж болохгүй хүчтэй өрсөлдөгч болсноо харууллаа. Уралдааны гол өрсөлдөгч нь эзэн орны дугуйчид байсан. Улсдаа зохион байгуулж буй тэмцээнд тэд хөгжөөн дэмжигчдээ гонсойлгохгүй, түрүүлэхийн тулд оролцсон бүх ангилалдаа эхний гурван байр шалгарсан. Тус тэмцээний элит ангилалд уралдах манай тамирчид уралдаан эхлэхээс 21 хоногийн өмнө зорьж, бэлтгэл хийсэн бол би тулгаж очсон. Миний хувьд өмнө нь олон улсын тэмцээнд оролцож байгаагүй тул хоол хүнсний тал дээр туршлагагүйтсэн тал бий. Шигшээ багийнхан тэнд хэрэглэх хоол хүнс, тогоо, шанагаа хүртэл зэхэж явсан. Үнэнийг өгүүлэхэд, би тэнд махаар мацаг барьж байгаад ирсэн дээ. Энэ удаагийн тэмцээн олон зүйлийг ухааруулсан болохоор дараагийнхад нь бүх зүйлийг нэг бүрчлэн судалж, туршлага хуримтлуулж оролцоно.
-Сүүлийн хоёр жил та тивийн тэмцээнд зориулж, өөрийгөө бэлдсэн тань уралдаанаас харагдсан л даа.
-Бэлтгэлээ сайтар базаасан болохоор өрсөлдөгчдөөсөө хурд, хүчээр дутахгүйг анзаарсан юм. Барианд орохын өмнө Пакистаны тамирчныг гүйцэж, ардаа орхисноор II байр эзэлсэн. Аварга болсон тамирчныг гараанаас гарахад нэхсэн ч тэрбээр урагш зугтаж, зайгаа холтгосоор түрүүллээ. Түүнтэй шагнал гардуулах ёслолын үеэр танилцахад надаас “Та дасгалжуулагч уу” гэж асуухад нь “Үгүй ээ, би дугуйн спорт сонирхогч. 2019 оноос уралдаж эхэлсэн” гэхэд тэрбээр “Би 10 настайгаасаа дугуйгаар хичээллэсэн. Шигшээ багийн тамирчин байхдаа Азийн АШТ-д хоёр удаа тэргүүлсэн” гээд амжилтаа танилцуулав. Намайг бодвол олон улсын тэмцээнүүдэд оролцож, туршлага чамгүй хуримтлуулсан тул тактик хэрхэн боловсруулж, уралдахаа сайн мэдэж байлаа. Азийн хошой аваргаар тодорсон түүнийг 40 насандаа мастер ангилалд оролцож буйг тэр үед мэдсэн юм.
-Дугуйтай нөхөрлөхөөсөө өмнө триатлоноор хичээллэж, спортын гараагаа эхлүүлсэн юм билээ.
-Усанд сэлэлтээр анх хичээллэн, триатлоны тэмцээнд оролцож, спортын гараагаа эхлүүлж байв. 2019 оноос дугуй түлхүү сонирхож, засмал замын АШТ-д хурд сорих болсон. Мөн дуатлоны УАШТ-д анх удаа өрсөлдөж түрүүллээ. Өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон тэмцээнд аваргаа батлан тэргүүлж, дэлхийд чансаагаараа 200 гаруй тамирчнаас 98 дугаар байрт жагссан. Би өмнө нь өөрийгөө ийм амжилт гаргана гэж хэзээ ч төсөөлөөгүй. Монголд Зүүн Азийн дуатлоны АШТ-ийг есдүгээр сард зохион байгуулна. Тиймээс өмнөхөөсөө илүү амжилт гаргаж оролцохоор өөртөө зорилго тавьсан. Монголын тамирчдад улсдаа болох тэмцээнд түрүүлэх боломж бий. Энэ удаагийн уралдаанаас олон зүйлийг ажиглаж, харсан тул техник хэрэгслээ сайжруулахад анхаарал хандуулна. Тивийн тэмцээнд оролцохдоо өөрт юу дутагдаж буйг, туршлага хэр хуримтлуулсан, ур чадварын хувьд ямар түвшинд яваагаа мэдсэн. Гадаадын тамирчдыг улс нь дэмжиж, бүх талаар хангадаг тул уралдааны ангилалд бүрд оролцох зориулалтын дугуй, хамгаалах хэрэгсэл, хувцсаар биднээс илт ялгарч байлаа. Бид тэдэн шиг техник, хэрэгсэлтэй оролцвол хурдаар дутахгүй.
-Дугуйн спорт өртөг өндөртэй. Та цуваа, бөөн гараатай уралдаанд ямар дугуйгаар хурд сорив?
-Анх худалдаж авсан дугуйгаараа л дотоод, гадаадын уралдаанд оролцож байна. Дасгалжуулагч багш тамирчдаа Нидерландын мэргэжлийн багийнхны уралддаг дугуйгаар бэлтгэл хийлгэдэг. Надад амжилт авчирсан дугуйндаа их хайртай. Дугуйн тамирчид техник хэрэгслээ гамнаж, зөв хэрэглэхэд үр дүнгээ өгдөг гэж ярьдаг нь оргүй үг биш. Ганцаарчилсан цуваа уралдаанд бөөн гарааны дугуйтай оролцоход гадаадын тамирчид хараад гайхаж байлаа. Би дугуйгаа амьтай гэж боддог. Тэмцээн эхлэхээс нэг цагийн өмнө дугуйнд маань асуудал үүсэж, араа нь солигдохоо болилоо. Механикч маань даруй зассаны ачаар уралдаандаа амжилттай оролцсон.
-Багийн спортын төрөлд дугуй багтдаг тул өрсөлдөөнтэй болдог. Уралдааны үед бэртэж, гэмтэх тохиолдол цөөнгүй гардаг биз?
-Тайландын тамирчдын зан чанар, хандлага их таалагдсан. Тэд уралдахдаа ёс зүйг баримталж, аюулгүй байдлаа сайн хангадаг юм билээ. 44-49 насныхны ангилалд өрсөлдсөн Д.Эрдэнэтуяа эгч бөөн гараатай уралдаанд тэр бүр оролцдоггүй. Тэмцээний үед түүнийг бэртэж, гэмтэхгүй байх тал дээр анхаарал хандуулж, хянаж уралдсан. Би “Road Mongolia” клубийнхэнтэй хамт бэлтгэл хийдэг тул бөөн гараатай уралдаанд оролцох дуртай. Тус клубийн дасгалжуулагч Г.Манлай багш дугуйн спорт сонирхогчдыг тамирчнаар бэлтгэдэг. Тивийн тэмцээнд оролцохдоо багшийнхаа зөвлөснийг хэрэгжүүлж, медаль хүртлээ. Намайг дугуйгаар хичээллэх үеэс энэ спортын суурийг зөв тавьж, амжилтад хөтөлсөн багшдаа их баярладаг. Дасгалжуулагч бүр тамирчин бэлтгэх өөрийн гэсэн арга барилтай. Тэрбээр тэмцээний үед байнга холбогдож, бие, сэтгэл зүйн байдлыг асууж, дараагийн уралдаанд оролцохын өмнө хэрхэн амарч, хооллох талаар зөвлөдөг. Багш судалгаа байнга хийж, мэдсэн зүйлээ бидэнтэй харамгүй хуваалцана. Өөрийг нь зориод ирсэн залуусыг уриалгахан хүлээн авч, тууштай бэлтгэл хийлгэн жилд дөрвөөс таван тамирчныг спортын цол зэрэгт хүргэдэг.
-Тамирчин хүний амжилтад гэр бүлийнх нь дэмжлэг их нөлөөлдөг шүү дээ.
-Намайг дугуйтай нөхөрлүүлсэн хүн бол дүү минь. Түүнийг А.Хаш-Эрдэнэ гэдэг. Хүүхэд байхаасаа спортод дуртай. Аав минь уран бүтээлч, УДЭТ-ын жүжигчин байлаа. Залуудаа гүйлтийн цанаар хичээллэсэн болохоор миний хамгийн том хөгжөөн дэмжигч байв. Би аавыгаа баярлуулах гэж энэ тэмцээнд оролцсон юм шүү дээ. Амласан амлалтаа ч биелүүлсэн. Эх орон, эцгийнхээ нэрээр дуудуулж, медалийн тавцанд зогсох тамирчин хүний хамгийн сайхан бахархал байдгийг мэдэрлээ. Тайланд руу тэмүүлсэн хоёр жилийн уйгагүй хөдөлмөр, шаргуу бэлтгэл сургуулилалт саад бэрхшээлийг даван туулах томоохон хөшүүрэг болсон. Зорилгодоо хүрснийг аав минь хараад тэнгэрийн орноос баярласан байх. Би аавынхаа спортод дуртайг, харин дүү минь авьяасыг нь өвлөж, хөгжмийн зохиолч болсон. Хамгийн сүүлд “Ах дүүс” телевизийн олон ангит киноны дууны хөгжмийг бичсэн дээ.
-Монголоос 50 гаруй тамирчин Азийн АШТ-д оролцохоор Тайландыг зорьсон. Манайхан тэндээс медалийн буухиатай ирж, могой жилийг амжилт дүүрэн угтлаа.
-Манай улс өсвөр үеийнхний ангилалд эмэгтэйчүүдийн баг бүрдүүлж анх удаа сойсон нь онцлог байлаа. Тэмцээн эхлэхийн өмнөх өдөр Төрийнхөө далбааг мандуулахыг маш их хүссэн. Цуваа гараатай тэмцээнд IV байр эзэлж, бөөн гараатай уралдаанд медаль хүртэх бодол хамгийн их төрж байв. Монголын тамирчдаас Д.Шинэбаяр ах 55-59 насныхны ангилалд өрсөлдөж, баг тамирчдынхаа медалийн салхийг хагалан түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэхэд өөрийн эрхгүй огшсон. Түүний дараа 60-64 насныхад ОУХМ Д.Энх-Од ах хошой мөнгө, залуучуудын ангилалд Х.Тэмүүлэн мөнгө, шигшээ багаас С.Жамбалжамц эрэгтэйчүүдийн элит ангилалд бөөн гараатай уралдаанаас хүрэл медаль гардлаа. Надаас гадна Д.Эрдэнэтуяа эгч 44-49 насныхны ангилалд мөн хошой мөнгөн медальтай ирж, спорт сонирхогчдыг баярлуулсан. Биднийг нутаг буцахаар онгоцонд суухад нисгэгч нь Х.Тэмүүлэнд хамгийн түрүүнд баяр хүргэж, цэцгийн баглаатай угтсан. Тухайн үед тэрбээр Монголын тамирчдаас тивийн тэмцээний хамгийн топ шагналыг хүртсэнийг ойлгосон доо. Азийн АШТ-ийг манай дугуйчид иж бүрэн медалиар өнгөлж, дугуйн спорт эрчимтэй хөгжиж байгааг олон улсад батлан харууллаа.
-Хичээллэдэг спортынхоо техникийг эхнээс нь зөв сурвал богино хугацаанд амжилт гаргадаг гэж тамирчдын ярихыг цөөнгүй сонсож байлаа.
-Дугуйг зөв техниктэй унаж сурсан минь хожим хэрэг болсон. Намайг хичээллэхээр ирэхэд багш “Чи дугуйг зөв унаж сурсан байна. Хэн зааж өгсөн бэ” гээд асууж билээ. Би Орхон аймгийн дасгалжуулагч О.Анх-Учралын удирдлагад триатлоноор хичээллэж, тэмцээнд оролцож эхэлсэн. Тэрбээр дугуй унах, гүйх, усанд сэлэлтийн бэлтгэлийг хариуцан хийлгэж, тэмцээнд оролцуулдаг байв. Би усанд сэлэхдээ техникээ буруу сурснаас болж засах гэж цаг хугацаа их зарцуулсан. Спортын техникийн буруу сурах нь хойшид сөргөөр нөлөөлдгийг тэр үед сайтар ойлгосон юм.
-Амжилт гаргах тусам баярлаж, талархах хүн олон болж байна уу?
-Намайг ойлгодог хамт олон, надаар бахархдаг гэр бүл, амжилтад хөтөлсөн багш, бэлтгэл хамт базаадаг клубийн нөхөд, мөн хөгжөөн дэмжигчдэдээ талархдаг. Хүн өөрт байгаа нөөц боломжоо хилийн дээс алхахдаа илүү мэдэрдэг юм билээ. Дугуйн спорт ур чадвар, мэдрэмжээс гадна ухаан зарцуулж, тактик боловсруулан, хурд, хүчээ тооцоолж уралдахыг шаарддаг. Бөөн гараатай уралдаанд өрсөлдөгчдөө урагш зугтаалгахгүй барьж, группээ удирдан нөхдөө барианд оруулсан нь би шүү дээ. Өөрийнхөө хүчийг гамнаж, хамт уралдсан нэгийгээ амрааж, ус уулгах боломж олгосон. Энэ бүхнийг манай клубийн дугуйчид хоорондоо ярьж, зөвлөлдөг. Нөхөдтэйгөө бэлтгэл хийхдээ ямар олон зүйл сурснаа энэ удаа уралдахдаа их мэдэрлээ. Шигшээ багт олон жил уралдаж, бүх техникийг гаргууд эзэмшсэн эзэн орны шилдэг тамирчинтай өрсөлдөж, дэд байрт шалгарсан өөрөөрөө бахархсан. Энд тэнд явахад хүмүүс таниад “Азийн медальтанд баяр хүргэе” гээд мэндэлдэг болсон. Дугуй хэнийг ч зорьсон газарт нь хүргэдэг. Монголд аялал, спортын чиглэлээр түлхүү хөгжиж байна. Манай улсад засмал замын дугуйгаар хичээллэдэг эмэгтэй тамирчин цөөн. Эрсдэл өндөртэй болохоор эрчүүд зориг гаргаж уралдах нь ховор. Би эмэгтэй дугуйчдынхаа тэвчээр хатуужил, зоригоор бахархдаг. Миний хувьд триатлонд гаргаагүй тэсвэр тэвчээрийг дугуйн спортод гаргасан. Би одоо эрүүл, зөв хооллолтын зөвлөхөөр ажилладаг. Спортод амжилт гаргахад дасгал хөдөлгөөн, бие, сэтгэл зүйн бэлтгэл, хооллолт хамгийн чухал. Тамирчин болохоор зориглоход эрүүл, зөв хооллодог байсан минь нөлөөлсөн гэж боддог.