Цочмог халдварт улаанбурхан өвчний тархалт өнгөрсөн амралтын өдрүүдэд эрс нэмэгдэж, өчигдрийн байдлаар 51 хүүхэд өвчилж, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байлаа. Эхний тохиолдлууд нийслэлд бүртгэгдсэн бол халдварын тархалт өдгөө орон нутаг руу хүрээгээ тэлж байна. Тухайлбал, Дундговь, Өмнөговь аймагт уг өвчин бүртгэгдсэн. Уг өвчин сургууль, цэцэрлэгүүдэд тархсан нь богино хугацаанд олон хүүхэд өвчлөх шалтгаан болсон аж.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн улаанбурхан тархсан аймгууд болон хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллуулж, тандалт судалгаа, дархлаажуулалт хийлгэж буй гэнэ. Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурхны эсрэг товлолт дархлаажуулалтад бүрэн хамруулахыг тус төвийнхөн зөвлөв. Хэрэв хүүхэд халуурсан, тууралт гарсан, эсвэл улаанбурхнаар өвчилсөн хүний ойрын хавьтал бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасаг, орон нутгийн Эрүүл мэндийн төвд хандах нь зүйтэй аж.
Улаанбурхан өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор Дундговь, Өмнөговь аймгийн Засаг дарга нар захирамж гаргаж, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн юм. Гэвч эл шийдвэр нь хууль бус гэж Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдээд байна. Тэрбээр “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад урьдчилан санал хүргүүлэхгүйгээр хичээл, сургалтын үйл ажиллагааг хязгаарлаж, танхимын бус хэлбэрт шилжүүлж холбогдох хууль тогтоомж зөрчлөө” гэж мэдэгджээ. Учир нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 5.5-д “Орон нутгийн байгаль, цаг уур, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогтой холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн үед нь өөрчилж болно” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, орон нутгийн Засаг даргын саналыг үндэслэн Боловсролын сайд сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх ёстой байжээ.
Харин Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун “Эрүүл мэндийн газраас ноцтой гэж дүгнээд, Онцгой комисс хуралдаж шийдсэний дараа Засаг дарга захирамж гаргасан. Хичээлийг зогсоогоогүй, цахим хэлбэрт шилжүүлсэн. Бид хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг тэргүүнд тавина” гэжээ. Харин Өмнөговь аймгийн удирдлагууд ямар нэгэн тайлбар гаргаагүй байна.
Ч.Зул