Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо буюу Яармагт өнгөрсөн пүрэв гаргийн орой шугам бөглөрснөөс бохир хальж, авто зам руу оржээ. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажуугийн, “Арцат-2” орон сууцын хотхоны зүүн хойно бохир усны шугам бөглөрсөн гэх дуудлага Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд 21.43 цагт иржээ. Дуудлагын дагуу уг шугам сүлжээг хариуцсан орон сууцны контор болох “Опен хаус” компанийнханд мэдэгдэж, бохирын бөглөөг гаргаж, яаралтай арга хэмжээ авахыг үүрэг болгосноо дээрх төвийнхөн мэдээлэв.
Гэвч “Опен хаус”-ынхны хүчин чадал хүрэлцээгүй учраас Ус сувгийн удирдах газрын ээлжийн бригад нэмэлтээр газар дээр нь ажилласан байна. Ингээд өнгөрсөн баасан гаргийн өглөө шугамын бөглөрлийг гаргажээ. Энэ хугацаанд тухайн хэсгийн авто зам болон орон сууцын хорооллуудын ойр орчимд бохир ус хальсан гэнэ. Тиймээс “Хан эко тээвэр” ариутгалын компанийнхнаар орчныг нь ариутгуулан, халдваргүйжүүлж байгааг албаныхан мэдээлсэн.
23 дугаар хорооны энэ хэсэгт бохир хальсан нь анхны тохиолдол биш гэнэ. Шугам сүлжээ бөглөрч, бохир хальсан асуудал байсхийгээд л гарч, тухайн хэсэгт бохирдол үүсдэг талаар оршин суугчид нь хэлсэн юм. Тиймээс шугам сүлжээг нэн даруй өргөтгөн шинэчлэхийг холбогдох албаныхнаас шаардаж байв.
М.Оч