Италийн Турин хотод болсон тусгай олимпын өвлийн наадамд оролцсон Монголын баг 103 орны 1500 тамирчинтай спортын найман төрлөөс зургаад нь өрсөлдөж, шагналын буухиатай өндөрлүүллээ. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаргаас хойш манай тамирчид бүжгийн хос болон ганцаарчилсан гүйлтийн цана, цасны гуталтай гүйлтийн төрөлд тэмцээнээ үргэлжлүүлсэн. Тэднээс А.Азжаргал уулын цанын төрөлд түрүүлж, хошой алтан медалийн эзэн болсон юм. Түүний амжилтыг үргэлжлүүлж, Т.Солонго цасны гуталтай гүйлтийн 25, Б.Буянтогтох 400, Т.Дэлгэржаргал 800 метрийн зайн гүйлтийн төрөлд тус бүр аваргаллаа. Мөн Б.Мөнх-Эрдэнэ, Я.Мягмарсүрэн нар бүжгийн хос, Б.Бямба-Эрдэнэ цасны гуталтай гүйлтийн 25, 50, Ө.Елмырза 100, П.Хатансайхан, И.Амаржаргал 400 метрийн зайд, А.Идэр гүйлтийн цанын төрөлд мөнгөн медаль гардаж, өмнөх тамирчдынхаа медалийн өнгийг хувиргав. Түүнчлэн А.Алтан-Очир, М.Энхзаяа снөүбоард, Ө.Елмырза цасны гуталтай 200 метрийн зайн гүйлт, Э.Анхзул гүйлтийн цанын 50, М.Амарболд цасны гуталтай 100, П.Хатансайхан цасны гуталтай багийн 400x100 метрийн зайд хүрэл медалийн тавцанд зогссон байна. Сүүлийн өдөр тэмцээн болж буй газруудад цасаар шуурч, цаг агаар хүндхэн байсан ч Монголын тамирчид хатуужил тэсвэрээ харуулж таван алт, найман мөнгө, долоон хүрэл, нийт 14 медальтай Турины өвлийн олимпоос эх орондоо ирэх нь.