Засгийн газрын тогтоолоор “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагчдын дунд “Дэлхийд өрсөлдөх Улаанбаатар-2024” төсөл, арга хэмжээг зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд нийслэлийн 6-11 дүгээр ангийн 6000 сурагч оролцсон байна. Уралдааныг гурван үе шаттайгаар зохион байгуулсан бөгөөд эхнийх нь “Ангиараа зорилготой уншъя” уралдаан аж. Уралдаанд оролцсон сурагчид “Scholastic” цахим номын сангийн эрх аван, унших үгийн тоо, уншлагын түвшин, хурд зэрэг үзүүлэлтээр өрсөлдсөн бөгөөд үүнээс 10 сургуулийг дараагийн шатанд шалгаруулжээ. Тунаж үлдсэн сурагчид хоёрдугаар шат буюу номын мэтгэлцээний төрөлд өрсөлдсөн байна. Номын мэтгэлцээний тэмцээнд 6-11 дүгээр анги тус бүрд гурван байр эзлүүлж, өнгөрсөн баасан гарагт шагнал гардуулжээ. Харин багш нарын дунд зохион байгуулсан “Туршлагаа хуваалцъя” илтгэлийн уралдаанд нийслэлийн 93 дугаар сургуулийн англи хэлний багш Ц.Энхжаргал тэргүүлж, “Монгени” сургуулийн англи хэлний багш У.Цэгмид, З.Должинсүрэн нар дэд байрт, 23 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Лосолмаа гуравдугаар байрт тус тус шалгарсан байна.
Ч.Болор