Орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 104 жилийн ой, “Монгол цэргийн өдөр” өнөөдөр тохиож байна. Энэ ойг тохиолдуулан цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага болох Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Жаргалсайханы Өсөхбаяртай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Юуны өмнө танд Монгол цэргийн өдрийн мэнд хүргэе.
-Баярлалаа. Танай сониноор дамжуулан Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдад, монгол эрчүүддээ Зэвсэгт хүчний 104 жилийн түүхт ой, “Монгол цэргийн өдөр”-ийн баярын гал халуун мэндийг хүргэж, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.
-Та удам дамжсан цэргийн хүн. Аавынхаа мэргэжлийг өвлөн Зэвсэгт хүчинтэй амьдралаа холбох хүсэл багаасаа л суусан байх гэдгээс ярилцлагаа эхэлбэл болох уу?
-Тийм ээ. Миний аав Жаргалсайхан дэд хурандаа цолтой, ангийн захирагчийн орлогчоор ажиллаж байсан. Аав минь айлын ууган хүүхэд. Би ч ялгаагүй айлын том нь. Эцэг өвгөдийнхөө удам угсааг яривал Сүхбаатар аймгийн Асгат сумын гаралтай, Улаанбаатар хотын уугуул хүн.
Бага байхаас л аав минь цэргийн хүн болох ёстой, манай удамд цэргийн хүн байх нь чухал гэсэн ойлголтыг тархинд гүн бат суулгаж өгсөн юм. Тэр ойлголтоороо өдий болтол явж байна. Аав минь цэргийн улс төрийн мэргэжилтэй хүн байлаа. Би аавтайгаа адил цэргийн улс төрийн мэргэжилтэн болно гэж бодон нийгмийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид сурч, хэрэндээ л их эртнээс бэлдэж байв. Гэвч 1993 онд биднийг Цэргийн их сургуульд конкурс өгөх үед цэргийн улс төрийн ангийг татан буулгасан байсан юм. Тиймээс ерөнхий цэргийн ангид элсэлт өгч орсон. Тэр үед тухайн ангид “Нийгмийн тухай мэдлэг” хичээлээр ерөнхий суурь шалгалт авч таарсан. Бэлдэж байсныхаа дагуу тэр хичээлээрээ шалгалт өгч тэнцээд ерөнхий цэргийн ангид элссэн дээ. Ингэж цэргийн мэргэжилтэй болсон түүхтэй.
-Ажлын гараагаа хаанаас эхлэв?
-1993-1997 онд Цэргийн их сургуулийн ерөнхий цэргийн ангид суралцаж төгсөөд Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангид салааны захирагчаар томилогдсоноор ажил амьдралын минь гараа эхэлсэн. Тэнд 2002 он хүртэл салааны захирагч, ротын захирагч, мотобуудлагын батальоны штабын дарга гээд цэргийн ажил албан тушаалуудад шат дараалан өгсөж явжээ. Тэндээсээ эл аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангид томилогдон ажилласан.
Би Өмнөговьд гурван удаа томилогдож байлаа. Тус аймаг дахь Зэвсэгт хүчний 167 дугаар ангиас би дандаа дэвшиж явсан юм. Тус ангид ажиллаж байгаад ХБНГУ-ын Бундесверийн академид сурахаар явсан. Төгсөж ирээд энэ ангид ажиллаж байгаад Батлан хамгаалахын удирдлагын академид суралцсан. Тус ангийн захирагчаар ажиллаж байгаад Зэвсэгт хүчний Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын даргаар дэвшин томилогдсон сайхан түүхтэй.
-“Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий” гэдэг. Цэргийн сургууль төгсөөд анги байгууллагад томилогдохдоо алтан мөрдэстний эгнээнд орно гэж бодож байв уу?
-Хүссэн мэргэжлээ эзэмшээд анги, байгууллагуудад сайн ажиллана гэсэн бодолтой томилогдож очиж байлаа. Тэр үед генерал цол хүртэнэ, цэргийн мэргэжлийн дээд байгууллагын нэгдүгээр орлогч дарга болно гэж зүүдлээ ч үгүй, бодож ч яваагүй ээ. Би 2023 оны долоодугаар сарын 7-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 89 дүгээр зарлигаар 217 дахь генерал цолтон болсон.
Генерал цол бол тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлттэй байдаг. Хамгийн түрүүнд тухайн албан тушаалд нь томилогдсон байх, сургуулийг нь төгсөх, тодорхой хугацаанд ажил, албан тушаал хашсан, насны босго, хязгаарыг нь хүртэл заасан гэх зэргээр олон шаардлага хангах учиртай. Монголд генерал цолыг 1944 онд анх олгож эхэлсэн. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт алба хашиж байгаа албан тушаалтан болгон генерал цол хүртдэггүй. Тодорхой цөөхөн тооны албан тушаал генерал зэрэглэлтэй байдаг юм. Тухайн албан тушаалд томилогдож байж л уг цолыг хүртдэг. Яг одоогийн байдлаар ЗХЖШ-т дөрвөн генерал ажиллаж байна. Төрлийн цэргийн командлалуудад хоёр, БХЯ-нд гурван генерал цолтой хүн албан тушаал хашиж байгаа. Генерал цолтой хүн ажиллах ёстой албан тушаал гэхэд ЗХЖШ-т 10-аад бий.
-Цэргийн сургуулийн нэг үеийн сонсогчид Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүнд гар нийлэн ажиллаж байна гэдэг бахархам түүхийг таны үеийнхэн бүтээж байна. Бас генерал цолтон цөөнгүй төрсөн курсийн сонсогчид юм билээ.
-Сонсогч байх үе бол одоо бодоход гэгээхэн сайхан. Аавын хөвгүүд тал талаасаа ирж нөхөрлөдөг. Анхны жилдээ карантин дээр будилж, буруу зөрүү илтгэх, ёслох, чадахгүйгээсээ болоод бие биедээ уцаарлах зэргээр хөгжилтэй, сургамжтай зүйлс олон тохиолддог байжээ. Манай үеийнхэн өөрийнхөө үндсэн салбартаа их амжилттай явж байна. Жишээлбэл, Цэргийн их сургуулийг нэг онд төгссөн үе тэнгийнхнээс зургаан генерал цолтон төрсөн. ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба, ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Б.Баатар, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Б.Баасандамба бид нар нэг жил сургууль төгсөж байлаа. Хоёр маань чөлөөндөө гарсан. Тодруулбал, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга байсан, бригадын генерал Ц.Жавхланбаатар, 016 дугаар нэгтгэлийн захирагч асан, бригадын генерал Т.Лодойдамба нар манай төгсөлтийнх. Миний төгссөн ерөнхий цэргийн ангийн нэг курсээс Б.Баатар, Ц.Жавхланбаатар, Т.Лодойдамба, бид дөрөв цэргийн дээд цол хүртсэн нь бас сонин тохиолдол болов уу. Мөн хурандаа цолтой хүмүүс ч цөөнгүй. Тухайлбал, Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Ж.Молорболд, Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, хурандаа С.Баяр-Очир зэрэг хүмүүсийг нэрлэж болно.
Манай оныхон нийгмийн ороо бусгаа үед сургуулиа төгссөн ч гэсэн Зэвсэгт хүчинд тогтвор суурьшилтай, үнэнч ажилласаар ирсэн. Тийм болохоор бид нэгэн үеийн томоохон төлөөлөл болж гарч ирсэн байх.
-Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээж гадаадын орнуудад эх орноо сайтар сурталчилсаар ирсэн. Таны хувьд ч бас нэг бус ажиллагаанд оролцож байсан туршлагатай.
-Миний хувьд АНУ-тай хамтарсан “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн багийн сургалтын офицероор үүрэг гүйцэтгэсэн. 2012 онд Афганистан улсад явуулж байсан олон улсын цэргийн ажиллагаанд ХБНГУ-тай хамтарсан VI ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэж байлаа. Афганистаны Файзабад, Мармал хотод хол, ойрын машинт эргүүл, баазын хамгаалалт гээд хүнд үүрэг гүйцэтгэж байсныг тухайн үед газар дээрээс нь сурвалжилсан хүний хувьд та нүдээрээ харж, монголчууддаа хүргэсэн болов уу. Өөрөөр хэлбэл, зарим төрлийн цэргийн багийг бодвол манайхан олон төрлийн хавсарсан үүрэг гүйцэтгэж байв.
-Тухайн үед жишээ нь, монгол цэргүүд алсын эргүүлд явахдаа Германы “Вольф” гээд бидний нэрлэж заншсанаар “УАЗ-469” шиг задгай машинаар эргүүлд явдаг, ХБНГУ-ын цэргүүд болохоор хуягласан “Бенз”-тэй үүрэг гүйцэтгэдгийг би сурвалжилгадаа дурдаж, эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгааг уншигчдад хүргэсэн л дээ.
-Та их зөв өнцгөөс, соргог харж байжээ. Цэргийн багийн захирагчийн хувьд ч бас тэр задгай бардактай “Бенз”-ээр холын эргүүлд явахдаа осолдох вий гэж айдаг байлаа.
-Монгол Улсын энхийг эрхэмлэсэн гадаад бодлогыг хэрэгжүүлж буй гол хүмүүс нь манай энхийг сахиулагчид. 20 гаруй жилийн түүхтэй энхийг сахиулах ажиллагааны цаашдын чиг хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа бол?
-Манай улс анх 2002 онд хоёр хүнийг НҮБ-ын цэргийн ажиглагчаар илгээснээр энхийг сахиулах ажиллагааны түүх эхэлсэн байдаг. Түүнээс хойш 23 жилийн хугацаанд 20 000 гаруй цэргийн алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ. Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар өнгөрсөн долоо хоногт Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй цэргүүдээ эргээд ирлээ. Яг одоогийн байдлаар 900 гаруй хүн энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа. 850 хүнтэй мотобуудлагын батальоноос гадна Ливан улсад эмнэлгийн бүлэг үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулах ажиллагааны бусад газар оронд ажиглагч, холбогч, штабын офицероор олон хүн ажиллаж байгаа.
Монгол Улсын Зэвсэгт хүчин цаашид хоёр дахь мотобуудлагын батальоныг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулах, II шатны эмнэлгийн баг үүрэг гүйцэтгүүлэх, түргэн байрлах хүчний, инженерийн рот явуулахад чиглэсэн бэлтгэл ажлаа хангаж байна. Мотобуудлагын батальон, инженерийн рот, II шатны эмнэлэг НҮБ-ын хоёр дахь шатны шалгалтад амжилттай дүн үзүүлсэн. Одоо гурав дахь түвшний шалгалтад ороод тэнцвэл ажиллагааны газар орон руу багаа илгээх юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч ч, Батлан хамгаалахын сайд ч энхийг дэмжих ажиллагааг өргөжүүлэх, үүрэг гүйцэтгэх цэргийн тоог нэмэгдүүлэх бодлого барьж байгаа шүү дээ. Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоноор батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд олон төрлийн давуу байдал бий болгож байна. Нэн тэргүүнд цэргийн алба хаагчдыг энхийг сахиулах ажиллагаанд оролцуулснаар хувь хүний үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж, энэ хэрээр бэлэн байдлаа дээшлүүлж байгаа юм. Мөн энхийг сахиулах ажиллагаанд оролцсоноор Монгол Улс улс төр дипломатын аргаар аюулгүй байдлаа хангах нэг нөхцөл бүрдсэн. Түүнчлэн зэвсэглэл, цэргийн техникийн шинэчлэл тодорхой хэмжээнд хийж байна.
-Төрийн цэргийн байгууллагуудад тулгамдаж буй зүйл бол хугацаат цэргийн албанд татагдах залуус цөөрсөн явдал. Үүнийг хэрхэх талаар цэргийн мэргэжлийн дээд байгууллагын удирдах албан тушаалтны хувьд ямар бодол тээж явдаг вэ?
-Хугацаат цэргийн албатай төрийн цэргийн байгууллагуудад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл бол яалт ч үгүй энэ мөн. Энэ нь цэргийн албаны талаарх буруу ташаа ойлголттой бас холбоотой болов уу. Уг нь бол Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн бүр цэргийн алба хаах үүрэгтэй. Гэтэл гурван жилийн цэргийн алба хаасан хүн одоогийнхтой харьцуулаад өөрийнхөө үетэй төсөөлөөд байдаг. Гэтэл одоогийн цэргийн алба тэс ондоо болсон шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, сурвалжлагч та бүхэн цэргийн анги, салбараар орж, алба хааж буй залуустай уулзаж, сурвалжилга, мэдээлэл бэлтгэдэг. Тэгэхээр цаг үе их өөр болсныг илүү мэддэг, мэдэрдэг биз дээ. Алба хаах орчин, байр нөхцөл, хоол унд ямар байгааг та бүхэн жирийн иргэдээс илүү мэддэг болсон гэж би итгэдэг. Ор дэр, хөнжил гудаснаас авхуулаад бүх зүйл өөрчлөгдсөн. Одоогийн залуус ч өөр болсон байна шүү дээ. Хуучны бидэнтэй адил бүрэг ичимхий, нуугдмал хаагдмал байдал байхгүй. Нээлттэй, санаа бодлоо чөлөөтэй, зөв илэрхийлдэг болсон. Түүнчлэн хүний эрхийг хангах чиг үүрэгтэй прокурор, ХЭҮК зэрэг байгууллага Зэвсэгт хүчний үйл ажиллагаанд сайтар хяналт тавьж байгаа. Болохгүй зүйлийг нь сайжруулах чиглэлээр үүрэг чиглэл өгч, алдаа дутагдлаа бид засаж сайжруулан нягт хамтарч ажилладаг.
Цэргийн албанд ирээд сурч буй орчин нөхцөл ч өөр болсон. Жишээлбэл, англи хэл, компьютер, жолооч, нийтийн өргөн мэргэжлээр суралцах боломж 10-аад жилийн өмнөөс нутагшсан. Залуусыг барилгын, автотехникийн өргөн мэргэжилтэй болгодог. Эдгээрийг 10-аад жилийн өмнө сонголтоор сургадаг байсан бол одоо цэргийн бүх алба хаагчийг хамруулж байна.
Сүүлийн үед цэрэг татлагын комисс, дамжин өнгөрүүлэх салбараар орж буй залуусын 90 хувь нь хугацаат цэргийн алба хаах сонирхолтой байдаг гэсэн судалгаа бий. Нийгэмд сөрөг мессеж өгч байгаа зүйл бол эрүүл мэндээр хасагддаг явдал. Цэргийн албанд татагдаад ирсэн залуусын хувьд халшрах, шантрах, албаа хаях үзэгдэл байхгүй болсон. Түүгээр ч зогсохгүй гэрээт цэрэг, ахлагч, офицерын албанд үлдэж ажиллах сонирхолтой залуус олширч байна. Цэргийн алба хаах олон сонголттой болсон. Хугацаат цэргийн албанаас гадна гэрээт, оюутан цэрэг гээд олон төрлийн шинэчлэл хийгдэж, хэрэгжиж байна.
Зэвсэгт хүчин бол том айл. Нийгэмд байгаа сайн, муу зүйл Зэвсэгт хүчинд гардаг. Тэр утгаараа мэдээж бүтэн нэг жилийн хугацаанд хүүгээ цэргийн албанд явуулсан эцэг, эхчүүд санаа зовох нь зүйн хэрэг. Зүй бус харьцааны зөрчил гарвал эцэг, эхчүүд их эмзэг хүлээж авдаг. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргидог гэдэг зарчмаар нэг хүний буруутай үйл ажиллагаа нийт бие бүрэлдэхүүнийг сөргөөр харуулах тохиолдол гардаг. Үүнд эцэг, эхчүүд, нийгэмд бурууг өгөх зүйл огт байхгүй. Манай алба хаагчдын л зөрчил дутагдал, доголдол шүү дээ. Ийм явдал гаргуулахгүйн тулд бид хичээж ажиллаж байна. Үүний үр дүнд 2024 онд цэргийн албатай холбоотой гэмт хэрэг бүртгэгдээгүй. Энэ бол Зэвсэгт хүчний хувьд маш сайн үзүүлэлт. Хөдөлмөрийн аюулгүй байдал зөрчсөнөөс үүдэлтэй, осол гэмтэл гарах нь гарсан.
-Дэлхий дахинд өрнөж байгаа зэвсэгт мөргөлдөөн, байлдааныг харахад эрс өөрчлөгдсөн гэж цэргийн мэргэжлийн хүмүүс өгүүлдэг. Манай цэргийн алба хаагчдын сургалт, бэлтгэлийг шинэ цагийн дайн, тулааны нөхцөл байдалтай хэрхэн уялдуулж байгаа вэ?
-Цэргийн урлагийн хувьсал, хөгжил асар хурдтай явагдаж байна. Өмнөх онол, үзэл баримтлал таарахгүй, нийцэхгүй болж буй зүйл бий. Гэхдээ бас эргээд ашиглагдаж буй тохиолдлууд ч байна. Энэ болгонтой өнөөгийн Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар хөл нийлүүлж явах тал дээр үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Цэргийн зэвсэглэл, техникийн хамгаалалтуудыг сайжруулах, арга хэлбэрийг нь өөрчлөх, сум галт хэрэгсэл гээд олон зүйлд шинэчлэл гарах болсон. Эдгээрийг ашиглах арга, тактикууд нь ч өөрчлөгдөж эхэлсэн. Энэ болгоныг сурч судлах, мэдэх сургалтын тогтолцоог боловсруулахад чиглэн ажиллаж байна. ЗХЖШ бүтэцдээ Сургалт, бэлтгэлийн газартай боллоо. 2020 онд баталсан Батлан хамгаалахын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд таван төрлийн цэргийн командлалтай болсон. Эдгээрийн онцлогт тохирсон сургалтын тогтолцоонуудыг бий болгох, хөгжүүлэх талаар бид анхаарч ажиллаж байгаа.
-Зэвсэгт хүчний алба хаагчид хуулиар хүлээсэн үндсэн үүргээс гадна өөр олон арга хэмжээнд оролцдог. Үер, гамшгийн үед цэргүүд л голлон ажиллаж байгаа харагддаг.
-Тийм ээ. Бидний хуулиар хүлээсэн үндсэн үүрэг бол эх орноо батлан хамгаалах. Үндсэн үүргээс гадна өөр үйл ажиллагаанд Зэвсэгт хүчний алба хаагчид оролцсоор ирсэн. Манай үйл ажиллагааны дийлэнх нь нууцын зэрэглэлтэй, тоо баримт их дурдагддаг учраас тэр болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрсдийнхөө хийж буй ажлыг цацаад, зарлаад байж болдоггүй.
Хил хамгаалах байгууллага Монгол Улсын газрын хилийг хамгаалдаг бол Зэвсэгт хүчин агаарын хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалж, хяналт бүртгэлийг нь хариуцдаг. Өөрөөр хэлбэл, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хяналтгүйгээр Монгол Улсын агаарын хилийг нэвтэрсэн хөлөг байдаггүй. Үүнийг манайхан маш сайн гүйцэтгэдэг. Үүнээс гадна дайчилгааны бэлтгэл нөөцийг сургаж бэлтгэх үүргээ тасралтгүй хэрэгжүүлдэг.
Дээр нь улс оронд тохиолдсон гамшиг, аюулын үед цэргийн алба хаагчид оролцдог. Үер, зуд гээд гамшиг болгонд голлож оролцсоор байгаа. Мөн Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний алба хаагчид гурван сая шахам мод тарьж ургуулаад байна. Бас мод үржүүлгийн газар байгуулан, 10 гаруй сая модны үрсэлгээ бэлтгэсэн. Хөвсгөл нуурын экосистемийг сэргээх ажилд идэвхтэй оролцлоо. Зэвсэгт хүчний алба хаагчдын гүйцэтгэдэг нэг том үүрэг бол цэргийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох. Дорнод, Дорноговь, Орхон, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод Оросын цэргийн ангиуд байрлаж байсан газруудаар ийм бодис олноор илэрдэг. Үүнийг аюулгүй болгох ажлыг улсын хэмжээнд Зэвсэгт хүчний алба хаагчид хийж гүйцэтгэж, ард иргэдийн аюулгүй ажиллаж, амьдрахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлсээр байна.
-Эдгээрээс гадна бүтээн байгуулалтын ажилд ч цэргийн алба хаагчид оролцсоор байгаа биз дээ.
-Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэрэг өмнөд чиглэлд төмөр зам барих ажилд үүрэг гүйцэтгэснээс гадна өөр олон ажлыг хэрэгжүүлсэн. Тухайлбал, Дарханы замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргүүд ажиллалаа. Барилга-инженерийн цэрэг маань Зэвсэгт хүчний бүх бүтээн байгуулалтын гол ачааг үүрдэг юм. Цэргийн анги байгууллагуудад алба хаагчдын, штабын гээд байр сууц барихад манай энэ төрлийн цэргийнхэн л ажилладаг. Энэ нь илүү зардлаа хэмнэж, бага зардлаар их зүйлийг хийж бүтээж байгаа. Мөн Засгийн газрын Боомтын сэргэлт хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ухаалаг терминал барих ажилд манай Барилга-инженерийн цэрэг оролцсон. Энэ жил Шивээхүрэн-Шинэжинст чиглэлийн автозам барих ажилд ч алба хаагчид оролцохоор болоод байна.