Хээрийн түймэр гарсан Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт Улсын онцгой комиссын Шуурхай хэсгийнхэн ажиллаж байгаа. Хохирсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас, хоол хүнсний тусламж, эрүүл мэндийн болон сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж буй аж. Хээрийн түймэрт 38 гэр, дөрвөн автомашин, хоёр мотоцикл, 48 хашаа, саравч, 3000 гаруй бог, 48 бод мал, 3500 гаруй боодол өвс өртсөн гэх урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргажээ. Хохирлын хэмжээг одоогоор эцэслэн тогтоогоогүй байна. Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилсон ажлын хэсгийнхэн түймэрт өртсөн газруудад нөхцөл байдлын үнэлгээ хийх, эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг устгах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг зохион байгуулж эхэлжээ.
Дорнод аймагт дэгдсэн түймрийн улмаас хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм байна. Тус багийн нутаг дэвсгэрийн 35 хувь буюу 47 мянган га газар түймэрт өртөж, нийт 70 айл байснаас 60 орчим нь их, бага хэмжээгээр хохирол амсан, 6000 гаруй мал хорогджээ. Түүнчлэн мал угаартах, тодорхойгүй шалтгаанаар үхэх зэргээр хорогдол улам ихсэж байгаа гэнэ. Үүнээс гадна Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр багт 30 800 га газар түймэрт өртсөн бөгөөд таван айлын долоон гэр, саравч, хашаа, 300 гаруй толгой мал үрэгдсэнийг урьдчилсан байдлаар тогтоосон аж. Хээрийн түймэрт өртсөн айлуудыг цаашид малжуулах хөтөлбөрт хамруулах зэрэг тусламжид хамруулахаа Засгийн газраас мэдээлэв.
Ч.Зул