БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас, мөсөн сийлбэрийн олон улсын уралдаанд Монголоос хамгийн олон удаа оролцсон сийлбэрч Д.Цэрэнбаттай ярилцлаа. Тэрбээр өнөө жил эл тэмцээнд “Тайга” бүтээлээрээ өрсөлдөж, дэд байрт шалгарсан билээ. Д.Цэрэнбат зөвхөн цас, мөс төдийгүй яс, мод, элс зэрэг сийлбэрийн үндсэн таван төрлөөр бүтээл урладаг. Түүнчлэн модон сийлбэрийн дэлхийн аварга гэгдэх Томскийн тэмцээнд өнгөрсөн жил дэд байрт шалгарч, олон улсын хэмжээний мастер хэмээх эрхэм цол хүртжээ.
-Та Харбинд болсон мөсөн сийлбэрийн тэмцээнд амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртсэн шүү дээ. Эл тэмцээнд ямар бүтээлээр өрсөлдөв, бас бусдад түгээхийг хүссэн гол санаа тань юу байв?
-Тайга, тэр дундаа цаатан түмний аж амьдралыг харуулахаар зорьсон юм. Тэгээд л бүтээлдээ “Тайга” гэдэг нэр өгсөн. Цаатнууд бол дэлхийд төдийгүй Монголд ч цөөнх болчихсон хүмүүс. Тиймээс ийм угсаатан Монголд бий шүү гэдгийг л олон нийтэд таниулахыг хүссэн юм. Нялх балчир наснаасаа тайгын амьдралд дасан зохицон, цаагаа унаж, ан гөрөө хийн, элдэв айдасгүй, аз жаргалтай, амар тайван амьдарч буй цаатан хүүхдийг бүтээлдээ дүрсэлсэн. Ингэхдээ цааны эврийг модны нэг тал руу налсан байдалтай хийлээ. Сайтар ажиглавал цааны эврийг араас нь харахад модны навч болон хувирч байгаа.
-Энэхүү тэмцээний шилдгүүдийг хэрхэн шалгаруулж, оролцогчдод ямар шаардлага тавьдаг талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Олон улсын цас, мөсөн сийлбэрийн тэмцээний удирдамж зургаа, долоодугаар сард, Харбиных есдүгээр сард гардаг. Заасан хугацаанд нь бид тэмцээнд оролцох санал, эскизээ явуулна. Явуулсан эскиз маань шалгарч байж тэмцээнд оролцох эрхтэй болно гэсэн үг. Гэхдээ монголчуудыг нэг их өндөр шалгуур тавихгүйгээр оролцуулдгаараа онцлогтой. Чансаатай бүтээл хийж чаддаг болохоор л тэр шүү дээ. Эхний шатанд 50-иад орны оролцогчид эскиз ирүүлдэг юм билээ. Тэндээс 30 гаруй орны уран бүтээлчийг шалгаруулна. Зарим орны оролцогчид хамтарч багийн төрөлд оролцох нь бий. Багадаа л 30 баг өрсөлддөг. Өнөө жил мөсөн сийлбэрийн тэмцээнд манай улсаас дөрөв, цасныхад хоёр баг оролцсон.
Бүтээлийн тухайд зөвхөн хавтгай бус, нэлээд орон зайтай байх хэрэгтэй. Эзлэхүүнтэй, хагас болон бүтэн товгор гэх мэт сийлбэрийн олон төрлийг ашиглавал өндөр оноо авдаг. Зохиомж, нэр, тайлбар нь оновчтой, хоорондоо уялдаатай байх ёстой. Мөн зохиомж нь хүний сэтгэлд хүрсэн агуулгатай, харагдац нь гоё байх хэрэгтэй шүү дээ.
-Саяхан та “Хөх сувд-2025” мөсний баярт эхийн хэвлийд бүрэлдэж буй ургийг дүрсэлсэн сийлбэрээрээ оролцож, тэргүүн байрын шагнал хүртсэн байх аа?
-Энэ сэдвээр анх 2015 онд Харбины мөсөн сийлбэрийн тэмцээнд оролцож байв. Тухайн үед шилдэг ур чадварын шагнал хүртсэн. Түүнээс хойш эл бүтээлээ илүү сайжруулъя гэж их бодсон. Ханьтайгаа учирснаас хойш хүүхэдтэй болж чадахгүй нэлээд удсан. Тэгэхээр миний хувьд хүүхэдтэй болно гэдэг ёстой л мөрөөдөл байлаа. Харин өдгөө хоёр хүүхэдтэй. Тэгээд л хурууны хээнд хүний хувь тавилан, дахин давтагдашгүй бүхэн оршин байдгийг харуулахаар зорилоо. Ингэхдээ дотор нь эхийнхээ хэвлийд бүрэлдэж буй ургийг дүрсэлсэн. Өөрөөр хэлбэл, хурууны хээний цаана хүүхэд хэмээх маш том хувь заяа байгааг л харуулахаар хичээсэн гэх юм уу. Монголчууд хүн болж төрөх нь зүүний үзүүрт будаа тогтоохтой адил ховорхон хувь заяа гэдэг шүү дээ. Тиймээс хүний хувь заяаг хурууны хээтэй холбон, хүйг нь тэвнэ зүүний сүвэгчээр сүвлэн, будаа тогтоож буй дүрслэлийг монгол ахуй, ёс заншилтай уялдуулахаар хичээсэн нь энэ. Дэлхийн цээжинд орших Монгол хэмээх улсыг олж, хүн болж төрнө гэдэг асар их хувь тавилан. Энэ утгаараа монгол хүн Монголын бахархал шүү гэдгийг ч залууст мэдрүүлэхийг хүссэн.
-Энэ төрлийн сийлбэр хийхэд мөсний чанар, бас багаж, хэрэглэгдэхүүнээ зөв сонгох нь чухал байх. Та сийлбэрт ашиглах мөс, багажаа хэрхэн сонгодог вэ?
-Цэнгэг усны мөс сонгох нь хамгийн чухал. Голын мөс доошоо наалдаад хөлдчихдөг учраас гаргаж авахад хүндрэлтэй байдаг. Хэрэв доороо наалдаад хөлдчихсөн бол тойруулж хөрөөдлөө гээд ховхолж авах боломжгүй. Ер нь маш их хөдөлмөр шаарддаг боловч хүссэн шигээ том мөс авч чадахгүй байх нь бий. Иймд ихэвчлэн нуурын мөс ашигладаг. Ингэхдээ мөсөө хөрөөдөж авна. Нуур учраас хөлдөлтийн зузаан нь харьцангуй жигд. Ер нь мөсийг ингэж гаргаж авахад хамгийн боломжтой нь нуур байдаг. Мөн мөсний хагарал их, бага байх нь өдөр, шөнийн агаарын температур гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаална.
Харин багажийн тухайд цахилгаан болон гар гэсэн хоёр төрөлтэй. Гар багаж нь дотроо цүүцэн, ухман гэсэн төрөлтэй. Цүүцэн нь дотроо арзгар, энгийн гэсэн хоёр янз. Урд талдаа олон арзгар иртэй жижгийг нь маажууран цүүц гэдэг. Мөн маажууран хутга гэж бий. Цахилгаан багажийг дотор нь хөрөө, зүсвэрийн гэж ангилна. Багажууд дотроо 2-3 янзын иртэй, тэр нь дахиад хэлбэрээрээ өөр. Модонд ашигладаг багажийг цүүцэн, ухман энгийн төрлийг нь мөсөн сийлбэрт ашиглаж болдог. Гэхдээ маажууран цүүц бол мод болон өөр материалаар сийлбэр хийхэд хэзээ ч ашиглаж болохгүй онцгой багаж. Энэ олон багажийг онгоцоор авч явах л хэцүү байдаг даа.
-Тэгэхээр ихэвчлэн байгаль дээрх мөсийг ашигладаг гэж ойлгож болох уу?
-Манай орны нөхцөлд зөвхөн байгалийн мөс хэрэглэдэг. Харин дулаан орнуудад заавал тусгай аргаар хөлдөөсөн мөс ашигладаг. Мөн манайд мөс хөлдөөх зориулалттай үйлдвэр байхгүй. Ийм үйлдвэр ажиллуулсан ч ашиг олж чадахгүй л болов уу. Усан дотор мэдээж агаар, хүчилтөрөгч бий. Түүнийг нь тодорхой хэмжээнд гадагшлуулан хөлдөөж чадвал тунгалаг мөс гарна. Үүнийг нь ашиглаж сийлбэрээ хийдэг.
-Нэг сийлбэр урлахад дунджаар хэр хугацаа шаарддаг бол?
-Ямар хэмжээтэй, юу хийх гэж байгаагаас хамаараад хугацаа нь харилцан адилгүй. Бас мөсний зузаанаас шалтгаална. Ихэвчлэн 30 сантиметрээс зузаарч хөлдсөн үед мөсөө авдаг. Харин тээвэрлэхдээ краны тэвшинд ачихад хоёр тийш холбирохооргүй болтол нь яг таг тааруулах шаардлагатай. Хэрэв холбироод байвал тэвшээ цохиод хагарчихна. Тэгэхээр урт нь 2-2.10, өргөн нь 1.5 метрээс бага байхаар тооцдог гэсэн үг. Үүнээс зузаан байвал краны даац хэтрэх магадлалтай. Эдгээр шат дамжлагын дараа л мөсөөр бүтээл хийнэ. Ингэхдээ ганц дүрс хийх үү, эсвэл олон уу гэдгээс шалтгаалаад харилцан адилгүй хугацаа зарцуулдаг юм. Яг ижил дүрсийг хоёр өөр хүн хийхэд туршлага, чадвар зэргээс хамаараад ч хугацаа нь өөр байна. Өмнө нь хийж байсан туршлагатай, бас хурдтай хүн дундаж хэмжээтэй нэг дүрсийг хагас өдөрт хийж чадна. Харин багаж, туршлага муутай хүн 2-3 хоног зарцуулдаг.
-Таныг Д.Сүхбаатарын талбай дахь мөсөн хотхоныг 2001 оноос хойш тасралтгүй урлаж байгаа гэж сонссон.
-Би Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран сийлбэрийн ангид 2000 онд элссэн юм. Тэр жилийн өвөл дээд курсийн ах нар Д.Сүхбаатарын талбайн мөсөн хотхоныг урлаж, гуравдугаар байрын шагнал хүртэж байв. Дараа жил нь манай ангийнхан мөсөн хотхон хийж тэмцээнд оролцохоор шийдсэн юм. Тухайн үед ангийн багш “Та нар дөнгөж хоёрдугаар курсийн оюутан. Дорвитой уран бүтээл хийж үзээгүй, хангалттай суралцаагүй байж тэмцээнд оролцох хэрэггүй” гэж хэлж байлаа. Харин бид заавал оролцмоор байгаагаа багшдаа сайтар тайлбарласан. Тэгсэн ч багш маань зөвшөөрөөгүй. Тэгэхээр нь бид энэ тэмцээнд оролцохыг үнэхээр хүсэж байгаагаа хотын даргад уламжиллаа. Тухайн үед хотын даргаар М.Энхболд ажиллаж байсан. Тэгээд л та сургууль руу мэдэгдээд өгөөч гээд ангиараа хүсэлт гаргасан удаатай. Хотын дарга ч хариу өгч, биднийг захирлын өрөөнд дуудав. Тэр үед “Та нар энэ тэмцээнд оролцож болно. Гэхдээ тэмцээнд оролцлоо гээд та нарт чөлөө олгохгүй. Хичээл, даалгавруудаа цаг тухайд нь хийх ёстой. Үнэхээр чадна гэж бодож байвал ор” гэв. Тухайн үед бүгдээрээ чадна гээд зориглосон доо. Ингээд л шууд Д.Сүхбаатарын талбайг зорьсон юм. Тэр даруй “Их нүүдэл” хэмээх сэдэв сонгон бүтээлээ хийж, нэгдүгээр байр эзэлсэн. Үүнээс хойш манай ангийнхан жил бүрийн мөсөн хотхоныг барьж байгуулахад их, бага хэмжээнд хувь нэмрээ оруулсаар байгаа. Би ч мөн адил.
-Та олон улсын чансаа өндөр тэмцээнүүдэд тогтмол оролцдог. Манай орны мөсөн сийлбэрчид ер нь олон улсад хэр үнэлэгдэж байна вэ?
-Монголын уран бүтээлчид мөсөн сийлбэрээр дэлхийд тэргүүлж байна. Тухайлбал, манай ангийн Б.Доржнамжил, Х.Солонго нар Европын томоохон тэмцээнүүдээс цөөнгүй алтан медаль хүртлээ. Ер нь Европт тэргүүлэх тэмцээнүүдэд оролцож, үргэлж л эхний байрт шалгардаг. Найзууд маань Европын тэмцээнд оролцохыг хүсэж байгаагаа л хэлчихвэл “Эскизээ явуул, ямар бүтээл хийх гэж байна, үзье” гэх зэргээр элдэв шаардлага тавихгүй шууд л хүрээд ир гэдэг юм. Мөн Мөнх-Эрдэнэ найз маань Монголоос хамгийн анх олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээний шүүгчээр ажиллаж буй. Энэ мэт цөөнгүй жишээнээс Монголын сийлбэрчид дэлхийд хэрхэн үнэлэгдэж байгааг мэдэж болох. Ялангуяа сүүлийн үед Монголоос уран бүтээлчид хэзээ ирэх бол гэх хүлээлттэй байдаг болсон.
-Олон улсад манай сийлбэрчдийг өндрөөр үнэлж, хүлээн зөвшөөрч байна гэлээ. Тэгвэл төр засгаас сийлбэрчдээ хэр дэмждэг юм бол?
-Манайхан албан ёсоор 2006 оноос хойш л гадаадын орнууд руу тэмцээнд оролцохоор явж эхэлсэн. Гэтэл энэ хугацаанд улсаас ивээн тэтгэсэн тохиолдол огт байгаагүй. Бид үргэлж л өөрсдийн зардлыг гаргаж тэмцээнд оролцдог. Хэрэв шагнал авч чадвал гэртээ таван төгрөгтэй ирнэ. Ийм байдалтай олон жил өнгөрлөө. Харин одоо биднийг дэмжих цаг болсон гэж боддог.
Сүүлийн жилүүдэд дотоодод “Хөх сувд”, “Мазаалай” зэрэг арга хэмжээг зохион байгуулдаг боллоо. Ер нь эдгээр арга хэмжээг улам өргөжүүлж, сайжруулж чадвал сийлбэрчдийг дэмжих боломж бүрдэнэ. Түүнээс биш биднийг гадаад руу тэмцээнд явахад замын зардал гаргаж, амжилт үзүүлбэл төр засгаас шагнаж байгаагүй.
-Мэргэжлийн онцлогоос шалтгаалаад үргэлж хүйтэнд ажиллах шаардлагатай болдог байх.
-Хүйтэнд ажиллах хэцүү шүү дээ. Тухайлбал, Якутад тэмцээнд оролцоход -60 градусын хүйтэнд сийлбэр хийнэ. Дулаан орныхон бол 30 орчим минут ажиллачхаад л буцаж орж дулаацна. Харин бид бүтээлээ хийсээр л байна. Миний хувьд зоо нуруу хэсгээрээ их даардаг. Тиймээс хувцасны аль зузааныг авч явах ёстой. Усанд норохгүй, дааруулахгүй хувцас бэлдэнэ. Гутал, хүрэм, өмд нийлээд 7-8 кг жинтэй болдог. Үүнээс гадна олон төрлийн ир сайтай багаж хэрэгтэй болохоор зарим үед ачаа 25 кг-аас давж, илүү тээшний мөнгө төлөх магадлалтай.
-Ер нь мөсөөр бүтээн байгуулалт хийхэд хэр хэмжээний хөрөнгө шаарддаг талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Жишээлбэл, нэг блок мөсийг зүгээр л “Портер”-той очоод нуураас авчирчихна гэж байхгүй. Заавал кран юм уу, том машин хэрэгтэй. Мөн мөсөө гаргаж авахын тулд бензин хөрөө ашиглана. Энэ төрлийн хөрөө болон дагалдах хэрэгслүүд нь ч их үнэтэй. Нэг ширхэг самбар гэхэд л хамгийн багадаа 1.5 сая төгрөгийн үнэтэй. Гэтэл мөс хөрөөдөж байгаад үзүүрийнх нь шаариг нурчихвал хэрэггүй болчихно шүү дээ. Тиймээс зардал мөнгөний хувьд харьцангуй өртөг өндөр.
-Мөсөн сийлбэр бол улирлын чанартай ажил. Тиймээс өвлөөс бусад улиралд модон сийлбэр хийдэг үү?
-Би модон сийлбэрч мэргэжилтэй. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөнөөсөө хойш хоёр жил хувиараа уран бүтээл хийсэн. Дараа нь 2006-2011 онд сургуульдаа багшиллаа. Багшийн цалин бага, амьжиргааны зардал их учраас ажлаа орхиход хүрсэн юм. Дүрслэх урлагийн сийлбэрийн таван төрөл байдаг. Чулуу, яс, мод, металл, цас, мөс болон элсээр сийлбэр хийдэг. Миний хувьд энэ таван төрлөөр сийлбэр хийдэг.
-Тэгвэл элсэн сийлбэр хэрхэн хийдэг вэ?
-Элсэн сийлбэрийн тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Монголд сүүлийн үед л хөгжиж байгаа урлаг. Юуны түрүүнд элсээ маш сайн дагтаршуулах хэрэгтэй. Тэгж байж бүтээл хийх боломж бүрдэнэ. Ажиллагаатай мэт боловч бусад төрлийн сийлбэртэй харьцуулахад хэтэрхий хүнд, иртэй багаж шаарддаггүйгээрээ онцлогтой.
-Таны цаашдын зорилго, төлөвлөгөө юу бол?
-Монголдоо өөрийн гэсэн брэнд үүсгэж, мэргэжлийнхээ дагуу шинэ зүйл хийх хүсэлтэй. Мөн өөрийн уран бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй.
-Цаашид энэ төрлийн сийлбэрээр мэргэших сонирхолтой залууст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ер нь аливааг хийхдээ тууштай, хичээл зүтгэлтэй байх хэрэгтэй болов уу. Хэн нэгэнд зориулж бус, өөртөө таалагдтал бүтээлээ урладаг байх ёстой. Түүнээс биш энэ тэдэн төгрөгийн, тийм ашигтай ажил гэж бодвол урагшлах боломжгүй шүү дээ. Хийсэн нь үнэн гээд л өнгөрч байна. Тиймээс үнэхээр л чанартай, сайхан бүтээл хийе гэж бодвол сэтгэлээ шингээн, хичээнгүйлэн урлах хэрэгтэй.
У.Цэцэгсүрэн