Улсын хэмжээнд улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 24, сэжигтэй 19 тохиолдол бүртгэгдээд байна. Тэр дундаа Дундговь аймагт энэ сарын 15-нд уг өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлжээ.
Тодруулбал, Дундговь аймагт улаанбурхан өвчин бүртгэгдсэнтэй холбогдуулан Засаг даргын захирамжаар политехник коллеж, сургууль, цэцэрлэг, сургалтын байгууллага, өдөр өнжүүлэх төвүүд болон хүүхдүүдийн дунд зохион байгуулах үйл ажиллагааг энэ сарын 15-28-нд түр хугацаанд хязгаарлахаар болжээ.
Үүнтэй холбогдуулан ХӨСҮТ-өөс тандалт, эмнэл зүй, лабораторийн баг Өмнөговь болон Дундговь аймагт ажиллаж байна. Мөн Говь-Алтай, Баян-Өлгий, Ховд зэрэг аймагт мэргэжил, арга зүйн зөвлөмж, дэмжлэг үзүүлж, нөхцөл байдалд хяналт тавьж ажиллах тандалт, хариу арга хэмжээний баг замдаа гарчээ. Түүнчлэн ХӨСҮТ, аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн хамтран улаанбурхны батлагдсан болон сэжигтэй тохиолдлын хавьтлаар 2600 иргэнийг хяналтад авч, 720 гаруйг нь дархлаажуулалтад хамруулжээ. Улаанбурхан өвчний үед өндөр халуурах, толбон гүвдрүү тууралт гарах, ханиалгах, хамраас нус гоожих, нүдний салст үрэвсэх шинж тэмдэг илэрдэг бөгөөд нууц үе нь 10-12 хоног үргэлжилдэг аж. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид улаанбурхан өвчний эсрэг товлолт вакцинд хүүхдүүдээ хамруулах шаардлагатайг ХӨСҮТ-өөс зөвлөв.
У.Цэцэг