Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улс (БНПУ)-ын Төрийн тэргүүн Анджей Дудагийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна. Төрийн тэргүүнийг өчигдөр Варшав хотын “Фредерик Шопен” олон улсын нисэх буудалд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Оюундарь, тус улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон улсын бодлогын товчооны дарга Войцех Коларски нар угтан авчээ. Энэ нь Ерөнхийлөгчийн түвшинд Польш улсад 12 жилийн дараа хийж буй айлчлал аж. Хоёр улсын Төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх юм. Ерөнхийлөгч мөн Польшийн Парламент, Засгийн газрын тэргүүнтэй уулзана.
Айлчлалаар уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг шат ахиулахын зэрэгцээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Түүнчлэн Варшав хотноо Морин хуурын найрал хөгжмийнхөн тоглолтоо толилуулж, хоёр улсын Худалдааны танхимынхан хамтран бизнес форум зохион байгуулах аж.
Манай улсаас өмнө нь 1999 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2013 онд Ц.Элбэгдорж нар БНПУ-д айлчилж байв. Польшийн талаас 2008 онд Ерөнхийлөгч Л.Качиньски, 2013 онд Б.Коморовски, 2023 онд А.Дуда нар айлчилсан юм.
Ч.Мөнх