“Элит” клубийн тамирчин, Азийн аварга, “Дэлхийн цом”, ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Нарантуяа Катарын Доха хотод өнгөрсөн сард болсон снүүкер биллиардын Азийн АШТ-д Хонконгийн тамирчин, дэлхийн зургаан удаагийн аварга Он И Нгийг буулган авч, аваргаар тодорсон. Тэрбээр эх орондоо өнгөрсөн жилийн есдүгээр сард зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд аваргын төлөө түүнд ялагдаж, хүрэл медаль хүртэж байв. Түүнчлэн 2022 онд дээрх хотыг зорьж, тивийн тэмцээнд улсаа төлөөлөн анх удаа оролцохдоо хүрэл медаль гардаж, Монголын биллиардын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ.Тэгвэл дараа жил нь тус хотод дахин хөл тавьж, снүүкер биллиардын зургаан улааны ДАШТ-д өрсөлдөн шигшээ 16-д Ираны тоглогч Мелика Нажафийг 3:0, шигшээ наймд ХБНГУ-ын тамирчин Диана Стейтчнийг 4:2-оор хожиж, хүрэл цом, медальтай ирсэн юм. Гаргасан амжилтаараа чансаагаа ахиулан өдгөө тив, дэлхийн шилдгүүдийн эгнээнд нүүр бардам жагссан түүнтэй ярилцлаа.
-Катарын Доха хотод зохион байгуулсан тивийн тэмцээнд түрүүлж, Азийн аваргаар шалгарсан танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Та өмнө нь тэндээс эх орондоо хүрэл медальтай ирж, биллиардын хорхойтнуудыг баярлуулж байлаа. Алтан цом гардахдаа тэр тоглолтынхоо дурсамжуудыг эргэн санав уу?
-Намайг сониныхоо зочноор дахин урьж, уншигчидтайгаа уулзуулж буйд баярлалаа. Доха хот надад ээлтэй санагддаг. Би тус хотыг дөрөв дэх удаагаа зорилоо. Тэнд 2022 онд анх удаа хөл тавихдаа тивийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголынхоо тамирчдад амжилтын жим гаргасан. Дараа жил нь ДАШТ-ийг зохион байгуулахад мөн оролцож, хүрэл медальтай ирж байв. Энэ удаа түрүүлэх итгэл төрсөн тул аварга болно гэж өөртөө зорилго тавьж, бэлтгэлээ сайтар базаасан. Тоглолтын ширээнд учраа таарсан Энэтхэг, Тайланд, Хонконгийн тамирчныг буулган авч, тэргүүн байрт шалгарахад үзэгчид нэг ч хожигдолгүй түрүүлсэн түүн шиг тоглогч өмнө нь байгаагүй хэмээн ярьж байлаа. Тэр тусмаа дэлхийн зургаан удаагийн аварга Он И Нгийг хожсон нь олны анхаарлыг их татсан. Алтан цом гардуулахын өмнө баруун тийш хартал Он И Нг, зүүн тийшээ хартал Энэтхэгийн хоёр тамирчин шагналаа авахаар зогсож байв. Азийн аваргаар тодрох тэр мөчид баярлах, гайхах зэрэгцсэн шүү.
-Тамирчин хүнд амжилт гаргах цаг хугацаа гэж байдаг. Он И Нгтэй алтан медалийн төлөө тоглохын өмнө танд ямар бодол төрсөн бол?
-Тайландад болсон ДАШТ-д түүнтэй анх таарч, хожиход хүмүүс “Дэлхийн аваргыг ялдаг энэ тамирчин аль улсаас ирсэн бэ. Хэнээр биллиард залгаад ийм сайн тоглож сурсан юм бол” гэж шуугиад эхэлсэн. Тоглолтоо дуусгаад гартал үүдэнд телевизийн сэтгүүлчид цуглачихсан ярилцлага авах гээд зогсож байв. Хэвлэлийнхэн бүчиж “Таныг өмнө нь ДАШТ-д өрсөлдөхийг хараагүй. Монголчууд ийм сайн тамирчнаа яагаад оролцуулдаггүй юм бэ” гээд асууж эхэллээ. Тухайн үед өөрийгөө дэлхийн шилдгүүдийн нэгийг хожсоноо мэдсэн. Тамирчнаа оролцуулахаар ирсэн гадаадын дасгалжуулагчид “Монголд дэлхийн аваргатай эн тэнцүү тоглох хэмжээнд биллиард хөгжсөн гэж үү” хэмээн ярилцаж байлаа.
-Тэрбээр өмнө нь огт хараагүй шинэ танилд хожигдоно гэж төсөөлөөгүй байх л даа.
-Хонконгийн дасгалжуулагч “Он И Нг дэлхийн дэвжээнээс заавал шагналтай буцдаг. Шигшээ 16-д анх удаа медалиас мултарч байна. Чи түүнтэй сайн тоглолоо” гэхэд надтай нэг хэсэгт тоглох тамирчид анзаарч “Монголын тоглогчийг басаж болохгүй, эвгүй өрсөлдөгч байна” гэх харцаар харах болсон. Шилдгүүдийн хараанд нэг ч өртөөгүй, сонирхогчдын ангилалд тоглодог тамирчинд дэлхийн хоёр ч аварга ялагдахыг хараад үзэгчид “Хөөх, алдарт Он И Нг ялагдлаа гэж үү” гээд их гайхсан. Тэдний хэн нь ч миний тоглох арга барилыг мэдэхгүй тул хүчтэй өрсөлдөнө гэж огт таамаглаагүй. Тэр тоглолтын дараа дэлхийн шилдгүүд надтай таарахдаа бэргэж байв. Манай улсад өнгөрсөн жил зохион байгуулсан “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд тэрбээр намайг хожиж түрүүлсэн ч энэ удаа би түүнийг 3:0-ээр илүүрхэн хожлын харьцааг 2:1 болголоо. Түүнтэй аваргын төлөө өрсөлдөхдөө догдолж, сандраагүй. “Одоо л хожих ёстой” гэж бодож, төлөвлөсөн бүх зүйлээ гаргасан. Тэрбээр надад ялагдсандаа нэг л итгэхгүй, эргэлзэж зогсоход дасгалжуулагч нь “Чи түүнтэй яаж тоглоод ялагдчихав аа” гээд асууж байлаа.
-Катарын үзэгчид таныг өдгөө хэдийн таньдаг болжээ. Тэнд хөл тавих бүрд хэрхэн угтаж, тоглолтыг нь тань сонирхож үздэг вэ?
-Тэднээс хэн нь ч намайг танихгүй, зарим нь Азид Монгол Улс хаана оршин тогтнодгийг ч мэддэггүй байв. Хэдэн тэмцээнд шилдгүүдтэй ана мана өрсөлдсөний дараа тус улсын биллиардын холбооны ерөнхийлөгч, гишүүд, хөгжөөн дэмжигчид нь найрсгаар угтдаг болсон. Тэмцээний үед үзэгчидтэй нь тааралдвал “Монголын тамирчин ирсэн байна” гээд аваргуудын адил хүлээж авдаг.
-Монголд болсон “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээнд Он И Нгтэй та бас аваргын төлөө өрсөлдсөн. Тэр үед түүнийг дараагийн тоглолтдоо хэрхэн хожих талаар тооцоолж төлөвлөсөн байх.
-“Түүнийг нэг хожсон юм чинь хоёр хожилгүй яах вэ” гэж бодоод өөрийгөө зоригжуулсан. Түүнээс өөр тамирчидтай тоглохдоо цохилт, бэлтгэл, сэтгэл зүйн байдлаар илүү гэдгээ мэдэрдэг хэрнээ л ялихгүй алдаа гаргаж хожигддог байлаа. Тэмцээнээс тэмцээнд туршлага хуримтуулан тоглолтууддаа дүгнэлт хийж эхэлсэн. Зарим үед дотоод сэтгэлтэйгээ ярилцан, өрсөлдөгчдийнхөө тоглох арга барил, техник, тактикийг судалдаг болсон юм. Өөртэйгөө ажиллах тусам жижиг алдаануудаа олж харж, зассаны үр дүнд амжилт гаргасан гэж боддог.
-Та энэ удаа тэнд анх очиж тоглосон шигээ шуугиан тарилаа. Шилдгийн шилдэг алдартай тамирчныг ялахад тэнд оролцохоор очсон тамирчин, дасгалжуулагчид хэр хүлээж авав?
-Эмэгтэйчүүдийн тэмцээн эхлэхийн өмнө Ираны тамирчнаас гадаадын нэг тоглогч миний талаар асуухад “Энэ Монголын тамирчин. Хичээж, зөв тогловол түүнийг түрүүлэх болов уу гэж таамаглаж байна” гэж ярихыг нь сонссон юм. Намайг аварга болоход тэрбээр баяр хүргэж, инстаграмынхаа чатад “Тээр, би чамайг алтан медаль авна гэж хэлсэн биз дээ” гээд бичсэн байв. Энэ мэтчилэн тоглолтоороо эрэгтэй, эмэгтэй тамирчдын нүдэнд нь өртдөг болсноо тэр үед ойлгосон.
-Өнгөрсөн жил “Дэлхийн цом”-д ирж оролцсон шилдгүүдээс хэнтэй нь таарч хожив?
-Надтай адил нэг ч хожигдолгүй хэсгээсээ гарсан дөрвөн тамирчин байсан. Нэгээр гарсан нь хоёроор гарсан тамирчинтай тоглодог. Хоёроор гарсан тоглогчдоос хамгийн сайнтай нь би таарсан. Тайландад амжилтаараа ид цахиур хагалж буй тэр тоглогч өмнөд хөршид снүүкер биллиардын мэргэжлийн тамирчин бэлтгэдэг сургуульд сурдаг юм билээ. Шүүгч, дасгалжуулагч, үзэгчид “Энэ хоёроос л гал гарсан тоглолт гарах болов уу” гэж таамаглаж буй нь анзаарагдсан. Миний хувьд тэрбээр сонин биш байлаа. Он И Нг түүнээс илүү хүчтэй өрсөлдөгч тул хожиж, аварга болохыг маш их хүссэн. Тайландын дэлхийн аваргыг шигшээ наймд ялж, хүрэл медалийн болзол ханган, мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн Анупама Рамачандрантай тоглосон. Бид өмнө нь цөөнгүй таарсан болохоор нэгийнхээ арга барилыг мэднэ. Түүнийг 3:0-ээр ялах надад хэцүү санагдаагүй.
-Тэмцээн өндөрлөсний дараа Он И Нг, мөн түүний дасгалжуулагч танд урам хайрлаж, сонирхолтой зүйл өгүүлэв үү?
-Тэмцээн өндөрлөж, тамирчид зураг авхуулсны дараа Он И Нг түрүүлээд явсан. Хожигдож үзээгүй түүний сэтгэл зүйд ялагдал нь хүнд туссан болов уу. Азийн аварга болно гэж зорьж ирсэн түүнд мөнгөн медаль хүртэх сонирхолтой санагдаагүй байх. Түрүүлээгүйдээ харамсаж байгаа нь ч үйл хөдлөл, царайнаас нь анзаарагдсан. Шагнал гардуулах ёслолоос хойш хоёр цагийн дараа тэрбээр над руу “Чи үнэхээр сайн тоглож, аварга боллоо” гэсэн үгтэй мессеж илгээсэн байв.
-Та 2025 оныг амжилт дүүрэн эхлүүллээ. Одоо хаана болох тэмцээнд оролцохоор бэлдэж байна вэ?
-Энэ онд дотоод, гадаадын тэмцээнд тэргүүлж, амжилтынхаа гарааг өөдрөг эхлүүллээ. Миний хувьд могой жил аз, амжилт, хийморь аль алийг нь харамгүй хайрлаж байна. Өмнөд хөршид ирэх сард болох хейбол биллиардын АШТ-д өрсөлдөхөөр бэлтгэлдээ орсон. Тус тэмцээний дараа тавдугаар сард зохион байгуулах снүүкер биллиардын ДАШТ-д оролцохоор төлөвлөж байгаа.
-Хүрэл медаль хүртээд ирэхдээ “Дараагийн тэмцээнд амжилт гаргах боломжоо Дохад олж харсан” гэж хэлсэн. Тэгвэл энэ удаа таны олж харсан зүйл юу байв?
-Дэлхийн аварга болох мөч ойрхон байгааг энэ удаагийн тэмцээн мэдрүүллээ. Гаргасан амжилтаасаа ч бас олж харсан. Надад одоо итгэл найдвар өмнөхөөс минь илүү төрж байна. Азийн АШТ-ээс гардсан алтан цомоо дэлхийн аваргынхтай ижилсүүлэх бодол бий.
-Монголд сар шинийн баяр үргэлжилж байна. Гэртээ ирээд ах дүүс, хамаатан садныхаараа золгож амжив уу. Айл бүрийн хойморт хүндлэгдсэн хамгийн хүндтэй зочин нь мэдээж та байсан гэдэгт эргэлзэхгүй байна.
-Миний хувьд сүүлийн гурван жил гадаадын тэмцээнд оролцож, сар шинийн баярыг гэрийнхэнтэйгээ хамт тэмдэглээгүй. Энэ удаа Азийн АШТ Цагаан сарын өмнө болсон тул эх орондоо ирж, гэр бүл, ах дүүс, хамаатан садантайгаа золголоо. Зочилж очсон айл бүр “Аварга ирлээ, дээшээ морил” гэж хүндлэх нь хүртэл сайхан санагдсан.
-Азийн аварга болчихоосой гэж боддог байсан олон хүний хүслийг биелүүллээ. Өөрийг тань дэмждэг хүмүүсээс хамгийн их баярласан нь ээж тань байсан болов уу. Охиноо угтаж авахдаа ямар үгээр урам хайрлав?
-Өөрийгөө Азийн аварга болно гэж төсөөлөөгүй. Биллиардаар хичээллэсэн эхний жилүүдэд бүх зүйл амаргүй санагдаж, халширсан удаа цөөнгүй. Энэ спортыг ойлгож, дэмжих хүн тэр үед ховор байв. Тиймээс ажил хийж, амьдралын зам мөрийг хөөе гэж нэг бус удаа бодсон. Ямар ч зүйлтэй тулгарсан өөрийгөө зоригжуулж, өдий дайтай амжилт гаргасандаа баярладаг. Энэ бүхний ард намайг хурцалж, урагшлуулсан ээж, ааваараа их бахархдаг юм. Аав минь дэмжээгүй бол би тив, дэлхийн медальд хүрэх хэмжээний амжилт гаргахгүй байсан болов уу. Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, тууштай зүтгэхэд гэрийнхний минь итгэл найдвар, найз нөхдийн тус дэм нөлөөлсөн. Мөн үүгээр хичээллэдэг тамирчид, Монголын биллиардын холбооны удирдлага, хамт олны сайхан сэтгэлийн ачаар зорилгодоо хүрлээ. Хойшид ч бодож төлөвлөж буй зүйлээ хэрэгжүүлнэ. Намайг ойлгож, Азийн аварга болоосой гэж боддог хөгжөөн дэмжигчдийнхээ хүслийг биелүүлж, алтан цомтой ирсэндээ баяртай байгаа. Энэ спортод хөл тавьсан цагаас өнөөг хүртэл найдвартай ар тал минь болж ирсэн бүх хүнд талархсанаа илэрхийлье.