БНХАУ-ын Харбин хотод болсон Азийн олимпын Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар холимог тулааныг “Айчи-Нагоя-2026” Азийн наадмын хөтөлбөрт оруулах шийдвэрийг санал нэгтэйгээр баталжээ. Ирэх жилийн есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4 хүртэл зохион байгуулах 20 дахь удаагийн наадамд тус спортын тулаанчид эрэгтэйчүүдийн дөрөв, эмэгтэйчүүдийн хоёр жингийн ангилалд өрсөлдөхөөр болсон. Азийн олимпын зөвлөлийн эл шийдвэрийг тивийн тамирчдад эх орноо төлөөлөн олон улсын тавцанд өрсөлдөж, ур чадвараа сайжруулж, шинэ түвшинд хөгжүүлэх боломж олгож буйг Азийн холимог тулааны холбоо онцолсон байна. “Айчи-Нагоя-2026” наадамд тивийн 48 орны баг спортын 41 төрөлд өрсөлдөх аж. Холимог тулаанаас гадна и-спортод дөрвөн медалийн ангилал нэмэгдэж, нийт 11 багц медаль олгохоор болж буйгаараа онцлогтой юм.
Ташрамд дуулгахад, энэ онд зохион байгуулах гурав дахь удаагийн Азийн залуучуудын наадмын хөтөлбөрт ч мөн холимог тулааны спорт багтсан. Бахрейн улсад аравдугаар сарын 22-31-нд болох тус наадамд Азийн орнуудын 14-17 хүртэлх насны тамирчид ур чадвараа сорих юм.