“Арсенал” баг энэ улиралд Премьер лигт түрүүлэх боломжоо бараг алдаад буй ч үүнийг дасгалжуулагч М.Артета хараахан хүлээн зөвшөөрөөгүй байна. Одоогоор “Ливерпуль” тэднээс нэг тоглолт илүү, 15 онооны давуутайгаар лигийг тэргүүлж байгаа бөгөөд энэ зөрүүг багасгах найдвар тун бага юм. Үүний нэг гол шалтгаан нь “Арсенал”-ын тааруу довтолгоо билээ. Тэд “Аваргуудын лиг”-т “Эйндховен”-ы хаалганд долоон гоол оруулсныг эс тооцвол сүүлийн үед гоол оруулах гэж их “зовж” байна. Тухайлбал, тэд 26, 27 дугаар тойрогт өрсөлдөгчийнхөө хаалга руу 33 удаа цохисноос ердөө гурав нь хаалгаа онож, нэг ч гоол оруулаагүй. Ингэснээр тэд 2023 оны тавдугаар сараас хойш анх удаа Премьер лигийн хоёр тоглолт дараалан гоол оруулаагүй тааруу амжилт үзүүлсэн юм. Гэхдээ багийн довтолгооны ихэнх тоглогч (Б.Сака, Г.Жесус, Г.Мартинелли, К.Хаверц) гэмтэлтэй байгаа нь үүнд нөлөөлж буй. Тус баг сүүлийн тоглолтод хагас хамгаалагч М.Мериног довтлогчоор тоглуулсан юм. Энэ талаар “Арсенал”-ын нэрт хаалгач асан Д.Сиймэн ВВС радиод өгсөн ярилцлагадаа “Бидэнд үргэлж л довтлогч хэрэгтэй байсан. Өвлийн солилцооны цонхоор тоглогч авахыг хичээсэн ч чадаагүй. Ирэх зуныг хүлээхээс өөр аргагүй боллоо. Хэрэв сайн довтлогчтой болбол ирэх улиралд аваргалах бүрэн боломжтой” гэж ярьжээ. Гэхдээ “Манчестер юнайтед”, “Челси”, “Тоттенхэм”, “Астон вилла” зэрэг олон баг энэ зун довтлогчийн эрэлд гарна. Тэгэхээр сайн довтлогчтой болох нь “Арсенал”-ын хувьд тийм ч амар биш. Ингээд ирэх зун хөл бөмбөгийн хар захад эрэлттэй байх довтлогчдыг танилцуулъя.
Жонатан Дэвид (“Лилль”)
2024-2025 улирлын статистик: 36 тоглолт, 22 гоол, есөн дамжуулалт.
Францын “Лиг 1”-ийн 23 тоглолтод “Лилль”-ийн довтлогч Ж.Дэвид 14 гоол оруулсан амжилтаар мэргэн буучдын жагсаалтын гутгаар байрт бичигдэж байна. Мөн “Аваргуудын лиг”-ийн эрхийн төлөөх болон хэсгийн тоглолтуудад найман гоол оруулжээ. Энэ улирлын сүүлчээр гэрээ нь дуусах канад залуу зуны турш хамгийн эрэлттэй хөл бөмбөгчдийн нэг болно.
Лиам Делап (“Ипсвич таун”)
2024-2025 улирлын статистик: 28 тоглолт, 10 гоол, хоёр дамжуулалт.
Английн залуучуудын шигшээ багийн довтлогч Л.Дилап өнгөрсөн зун 15 сая фунт стерлингээр “Манчестер сити” багаас “Ипсвич”-д ирж байв. Хэдий шинэ баг нь тааруу амжилттай байгаа ч Л.Дилап лигт 10 гоол оруулж сюрприз бариад байна. Хэрэв “Ипсвич” доод лиг рүү унавал түүнийг “шүүрэх” олон баг бий.
Александер Исак (“Ньюкасль юнайтед”)
2024-2025 улирлын статистик: 31 тоглолт, 22 гоол, таван дамжуулалт.
Премьер лигийн энэ улирлын нэг тод од нь швед довтлогч болж байна. Тус лигийн түүхэнд хамгийн богино хугацаанд 50 гоол оруулсан тоглогчдын жагсаалтад долоодугаар байрт орж ирсэн түүнийг “Ньюкасль” зарах хүсэлгүй байгаа юм. Гэхдээ баг нь Европын цомын тэмцээнд тоглох эрх авч чадахгүй бол А.Исак явах хүсэлт гаргаж магадгүй.
Виктор Гиокереш (“Спортинг”)
2024-25 улирлын статистик: 40 тоглолт, 39 гоол, есөн дамжуулалт.
Эл жагсаалтад багтсан хоёр швед довтлогчийн нэг В.Гиокереш энэ улиралд үнэхээр сайн тоглож байна. Өдгөө 26 настай тоглогчийг “Манчестер юнайтед” багт очиж, өмнөх дасгалжуулагч Р.Аморимтой нэгдэнэ гэсэн яриа гарсан. Гэвч гоолын бороо оруулж буй түүнийг сонирхох баг дэндүү олон байгаа юм. Түүний гэрээг цуцлах үнийн дүн нь 100 сая евро ажээ.
Жан-Филипп Матета (“Кристал палас”)
2024-2025 улирлын статистик: 33 тоглолт, 15 гоол, гурван дамжуулалт.
Энэ улиралд өнгөтэй байгаа франц тоглогч он гарснаас хойш есөн тоглолтод найман гоол оруулсан. “Арсенал”-ын тоглогч асан Т.Валкотт хоёрдугаар сарын эхээр “Match of the day” нэвтрүүлэгт оролцохдоо “Ж.Матета өөртөө маш итгэлтэй тоглож байна. Тэр эсрэг багийн хамгаалалтад үргэлж аюул учруулж, эрч хүчтэй тоглодог. Магадгүй ирэх зун “Арсенал”-д очих байх” гэж хэлсэн юм.
Беньямин Шешко (“Лайпциг”)
2024-2025 улирлын статистик: 35 тоглолт, 17 гоол, 10 дамжуулалт.
Сүүлийн хоёр улиралд Германы багт маш сайн тоглож буй словени довтлогчийг Премьер лигт очно гэсэн мэдээлэл байнга гардаг. Гэхдээ өнгөрсөн зун багтайгаа урт хугацааны шинэ гэрээ байгуулсан. Тиймээс түүнийг авах нь Английн багуудад тийм ч амар биш байх болов уу.
Душан Влахович (“Ювентус”)
2024-2025 улирлын статистик: 34 тоглолт, 14 гоол, хоёр дамжуулалт.
2026 оны зун гэрээ нь дуусах серби довтлогчийг Премьер лигийн багуудтай сүүлийн жилүүдэд тогтмол холбосоор ирсэн. Сонирхолтой нь, 2022 оны нэгдүгээр сард түүнтэй гэрээ байгуулах боломжоо “Арсенал” алдсанаар Д.Влахович Италийг зорьж байлаа.
Матео Ретегуй (“Аталанта”)
2024-2025 улирлын статистик: 39 тоглолт, 25 гоол, таван дамжуулалт.
Италийн Сери-А лигт хамгийн олон гоол оруулсан тоглогчдын жагсаалтыг тэрбээр итгэл төгс тэргүүлж буй. Түүнийг “Арсенал”, “Манчестер юнайтед” зэрэг баг идэвхтэй сонирхож байгаа учир энэ зун Премьер лигт ирнэ гэсэн хүлээлт хэдийн үүсжээ.
Виктор Осимхен (“Галатасарай”)
2024-25 улирлын статистик: 29 тоглолт, 23 гоол, таван дамжуулалт.
Тэрбээр “Наполи”-г 1990 оноос хойш анх удаа Италийн аварга болоход 2022-2023 оны улиралд гол үүрэг гүйцэтгэсэн. Улмаар өнгөрсөн зун олон багийн анхаарлыг татсан ч В.Осимхен зээлээр Туркт тоглохоор явсан юм. Хэдий тэрбээр буурь сэлгэсэн ч өнгөрсөн улирлын гайхалтай формоо алдалгүй тоглож байна.
Э.Манлайбаатар