“Мөрөөдлийн театр”-ынхан шинэхэн уран бүтээл болох “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжигтээ яруу найрагч А.Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр” шүлгийг ашигласнаараа оюуны өмч зөрчсөн хэмээн Монголын зохиолчдын эвлэлээс энэ сарын 14-нд мэдэгдсэн юм. Улмаар Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очирын “Голын тохой дээр” шүлгийг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй ашигласандаа албан ёсоор уучлалт гуйж, хууль бус үйлдлээ даруй таслан зогсоохыг шаардсан. Мөн дахин ийм тохиолдол гаргавал хуулийн байгууллагад хандахаа илэрхийлсэн билээ.
Үүний дараа “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гаас “Самсара-Тэртээх хоёр зүрх” жүжигт “Голын тохой дээр” шүлгийг гуравдугаар сарын 15-ны тоглолтоос эхлэн ашиглахыг хориглолоо. Зохиогчийн эрхийн тухай болон Оюуны өмчийн тухай хуулийн дагуу тухайн жүжгийн дууг цахим орчин, телевиз, радиогоос татан авч, устгах шаардлага үүссэн. “Мөрөөдлийн театр”-ын зүгээс энэ асуудалд хүндэтгэлтэй хандаж, бидний шаардлагыг биелүүлж байгаа” гэжээ.
Харин “Мөрөөдлийн театр”-аас тоглолт эхлэхийн өмнө “Арлааны Эрдэнэ-Очир” сангийнхантай хэд хэдэн удаа уулзаж, бүтээлийг нь ашиглах талаар зөвшилцсөн хэмээн мэдэгдсэн. Ингэхдээ шүлгийг дуу болгохгүйгээр ашиглаж, жүжигт болон нээлтийн тоглолтоор л олон нийтэд толилуулна хэмээн ярилцсан гэсэн юм. Түүнчлэн дууг цахим сүлжээнд нийтлэхгүй хэмээн тохиролцсоноо уг театрынхан мэдэгдлээ.
А.Дөлгөөн