Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Дарамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцод нэгдэхийг уриалсан жагсаалыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон өнгөрсөн баасан гарагт төв талбайд зохион байгуулав.
Тодруулбал, тус холбооныхон “Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ажлын байрны Дарамт, хүчирхийллийн эсрэг 190 дүгээр конвенцод нэгдье” уриатайгаар тайван жагссан юм. Уг жагсаалд дээрх холбооны гишүүн байгууллагуудаас нийт 300 орчим хүн оролцжээ.
Энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал “Олон улсын хөдөлмөрийн байгууллага 100 жилийнхээ ойн хүрээнд 190 дүгээр конвенцыг баталсан. Манай холбооноос уг конвенцод нэгдэх урьтал нөхцөлүүдийг ханган ажиллаж байгаа. Эрүүл мэнд, эрчим хүч, уул уурхай, орон сууц, нийтийн аж ахуй зэрэг салбарт ч идэвхтэй ажиллаж байна. Иймд бид УИХ-д энэхүү конвенцод нэгдэх уриалгыг хүргүүлж байгаа юм. Энэ конвенцыг соёрхон баталснаар үндэсний хууль тогтоомжуудад ч өөрчлөлт оруулах боломжтой” гэсэн юм.
Дээрх холбооны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Б.Энхтөгс “Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байрны ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг хориглох суурь зарчмуудыг тусгасан байдаг. Гэвч 190 дүгээр конвенцод байдаг олон зохицуулалтыг орхигдуулжээ. Ажлын байрны дарамтыг бие, сэтгэл, эрүүл мэнд, эдийн засгийн гэж ангилна. Цалин хөлсний зөрүү болон элдэв дарамт, хүчирхийлэлд өртөж буй явдал нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн харилцаанд саад учруулж буй гол шалтгаан болдог. Ялангуяа бэлгийн дарамтад эмэгтэйчүүд илүү өртдөг. 190 дүгээр конвенц нь жендерт суурилсан ялгаварлан гадуурхалтын талаар тусгаснаараа онцлогтой” хэмээв.
У.Цэцэг