Замын цоорхойноос болж машин эвдэрвэл хохирлыг нь орон нутгийн удирдлага барагдуулна. Жолооч нар эвдэрхий замаас болж учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй гэсэн үг. Авто замын тухай хуулийн 35.2-т “Авто зам, замын байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаагүйгээс иргэн, хуулийн этгээдэд хохирол учирсныг эрх бүхий байгууллага тогтоосон бол тухайн авто зам хариуцагч болон эзэмшигч уг хохирлыг хариуцан төлнө” хэмээн заажээ. Уг хуульд тодорхой зааснаар авто замыг эзэмшигч нь орон нутгийн Засаг дарга юм байна. Тэгвэл авто зам хариуцагч гэдэг нь арчлалт, засварыг гүйцэтгэх тусгай зөвшөөрөл бүхий төрийн болон хувийн өмчит компани аж. Харамсалтай нь, иргэд ийм гомдлоор шүүхэд төдийлөн ханддаггүй, өөрөө хохироод л үлддэг. Хууль хяналтын байгууллагад хандахад хугацаа алддаг, олон шат дамжлагаар явж цаг, мөнгөө гарзаддаг, чирэгдэл ихтэй байдаг нь үүний шалтгаан гэнэ. Ингээд л эцсийн дүндээ эвдэрсэн машинаа өөрийн мөнгөөр засуулахад хүрдэг байх нь.
Гэвч бууж өгч болохгүй. Иргэд эрхээ эдэлж, эвдэрсэн замаа засахыг сануулж, хотын удирдлагыг шахаж ажиллуулах ёстой. Эс бөгөөс замаа тогтмол арчилж засах үүрэгтэй дарга нар ажлаа хийхгүй бололтой. Учир нь Улаанбаатар хотын зам “там” болж, олон хүний автомашиныг эвдэх төлөвтэй байна. Эвдэрхий замын уршгийг иргэд эд хөрөнгөөрөө байтугай амиараа төлөх ч эрсдэлтэй шүү дээ. Замаас шалтгаалж осол, гэмтэл гарсаар байгааг цагдаагийн байгууллагын мэдээллээс харж болно.
20 ЖИЛЭЭР УХРАВ УУ
Улаанбаатарт хагарч, цуураагүй зам алга. Цаг агаар дулаарангуут дээр нь тогтсон цас, мөс хайлснаар замын онгорхой цоорхой нь ил гарав. Хайлсан цас, шар усны үер хотын хамаг л бохиртой нийлэн замаар урсаж байна. “Хотын зам урьд хожид байгаагүйгээр эвдэрчээ. 2000-аад оны үед л ийм байсан даа” гэж иргэд цахим сүлжээнд бичих боллоо. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ч “Улаанбаатар хотын бүх зам маш их эвдэрсэн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна билээ.
Ийм байдалд хүргэсэн гол шалтгаан нь сүүлийн үед, ялангуяа МАН-ынхан нийслэлийг удирдсан өнгөрсөн найман жилд олигтой зам бариагүй, дорвитой засвар, үйлчилгээ хийгээгүйтэй холбоотой. Засвар хийх нэрээр нүд хуурсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Жишээ нь, 2021 онд нийслэлийн Засаг даргаар Д.Сумъяабазар ажиллаж байхад засварын ажилчид данханд юу ч юм хийчихсэн, замын хагархай руу асган нөхөж байсан билээ. Зам засах ажилд технологийн дэвшил нэвтрүүлээгүй, хөгжих бус, бүр ухарсан гэмээр дүр зураг тэгэхэд харагдаж байсныг олон нийт санаж буй байх. Дарга нар ингэж л хайхрамжгүй хандаж ирсэн нь замын хөгжлийг 20 гаруй жилээр хойш татчихсан гэлтэй.
Баруун дөрвөн зам
300 ТЭРБУМЫН ТОДОТГОЛ ХИЙХ ҮҮ
Харин нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар зам эвдэлсэн буруутан нь цаг агаар хэмээн “оношилж” байна. Тэрбээр “Өнгөрсөн жил маш их бороо орсон. Энэ өвөл цас их орж, бодис цацлаа. Бас халуун, хүйтэн температурын савлагаа маш их байсантай холбоотойгоор зам эвдэрсэн” гэв. Хотод цас, бороо орж л байдаг. Бас температурын савлагаа буюу улирал солигдох үйл явц жилийн жилд л үргэлжилдэг. Энэ бүхнийг тооцоолон замаа хэрхэн арчилж, засаж тордохоо шийдэх нь хотын удирдлага, холбогдох албаныхны үүрэг. Гэтэл эл ажлаа хийхгүй байж гэнэт л их бороо, цас ороод сүйтгэчихсэн мэт аяглах нь утгагүй.
Бас иргэд “Хотын зам арай л дэндүү байна. Хурдан засаач ээ” гээд шүүмжилтэл дарга Х.Нямбаатар их том тоотой хариулт өгчээ. Тэрбээр “Замуудыг бүхэлд нь шинэчилж, сайжруулъя гэвэл 300 орчим тэрбум төгрөгийн арчилгаа, нэмэлт хучилт хийх шаардлагатай юм билээ. Жил бүр зам арчлахад зарцуулдаг 35 орчим тэрбум төгрөгийг л энэ оны төсөвт тусгасан” гэж ярьсан юм. Энэ нь хотын дарга зам засах нэрийдлээр төсвийг дахин “хөдөлгөж” болзошгүй гэсэн хардлага төрүүлэв. Нөгөө талаар түүнд үнэхээр тооцоо судалгаа бий юү, эсвэл толгойд нь гэнэт орсон тоогоо хэлчихсэн үү гэдэг эргэлзээтэй. Хотын удирдлага төв талбай орчмын замыг боржин чулуугаар солино гээд төсөвт 35.6 тэрбум төгрөг тусгачхаад буй билээ. Ийм маягаар судалгаагүй ажил хийдэг дарга нар 300 тэрбум төгрөгийг үнэхээр тооцоолоод гаргаж ирсэн гэсэн итгэл төрөхгүй нь.
ЗАМАА МЭДДЭГГҮЙ ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Нийслэлийн Замын хөгжлийн газрынхантай өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт холбогдож, зам засах төлөвлөгөө бий, эсэхийг нь лавлахад “Замын цас дөнгөж хайлж байтал нэмээд орчихлоо. Тийм болохоор хэр хэмжээний засвар хийхийг одоохондоо тогтоох боломжгүй. Манай инженерүүд газар дээр нь ажиллаж байгаа. Үүний дараа эвдрэл гэмтлийг тогтоож, бүгдийг нь засна” гэж байв. Өөрөөр хэлбэл, тэдэнд тооцоо, судалгаа, шийдэл байгаагүй.
Харин ганцхан хоногийн дараа тэд шийдэлтэй болчихсон, “Энэ онд нийслэлийн 17 байршлын авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжүүлж байгаа” хэмээн мэдээлэл хийв. Энэ нь төрийн байгууллагууд шуурхай ажилладгийн илэрхийлэл биш, харин сонгууль ойртоод тун дуулгавартай болсны шинж биз ээ.
Ямартай ч нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар, арчлалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Ганбат “2024 онд Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр зургаан дүүргийн 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөсөн. Жишээлбэл, Зүүн дөрвөн замаас “Нарантуул” захын уулзвар, Ботаникаас Улиастайн гүүр хүртэлх зэрэг удаан хугацаанд их засвар хийгээгүй замыг шинэчилж сайжруулна. Авто замыг засаж шинэчлэх тендерийг зохион байгуулан, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах гэж байгаа. Зам засвар, арчлалтыг дөрөвдүгээр сарын 10-наас эхлүүлэхээр төлөвлөж байна. Арваннэгдүгээр сарын 20 хүртэл тогтмол хийнэ” гэж мэдээлэв. Бодит нөхцөл байдлыг харвал дээр дурдсан 19.5 км гэдэг хэмжээ нь тун хангалтгүй буюу нийслэлийн нийт авто замын хоёр хүрэхгүй хувь юм. Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1350 км-ийн урт шүү дээ.
ТӨЛБӨР, ТАТВАР ХААЧДАГ ВЭ
Дэлхийн банкныхан Улаанбаатар хотын авто замын нийт үнэлгээг 1.5 их наяд төгрөг гэж тогтоосон байдаг аж. Замыг жил тутам арчилж, засвар, үйлчилгээ хийхгүй бол эл дүн жилээс жилд багасахын зэрэгцээ түгжрэл улам ихсэх эрсдэлтэй гэнэ. Уг нь ийм эрсдэлээс сэргийлэхийн тулд, бас чанартай замаар зорчихын тулд машинтай иргэд жил бүр төлбөр төлдөг. Иргэд авто зам ашигласны төлбөр төлөөд буй атлаа чанаргүй замаар зорчиж, эд хөрөнгөөрөө хохироод байна гэсэн үг. Тухайлбал, нийслэлд бүртгэлтэй автомашинаас жилд нэг удаа 20-70 мянган төгрөгийг авто зам ашигласны төлбөрт авдаг. Автомашины төрлөөс хамаараад зам ашигласны төлбөр нь өөр өөр байна. Бас мопед, мотоциклтой иргэд ч ийм төлбөр тушаадаг.
Авто зам ашигласны төлбөрөөс жилд ойролцоогоор 77 орчим тэрбум төгрөг орон нутгийн төсөвт ордог юм билээ. Ийм хэмжээний мөнгөөр жил бүр арчилж, тордоход зам одоогийнх шиг болохгүй байсныг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Авто замын зөвлөлийн дарга, авто замын зөвлөх инженер Н.Адилбиш “Хотын түгжрэл нэгхэн нүхнээс эхтэй байдаг. Дэлхийн олон улс зам эвдрэхээс сэргийлэх, засах, аюулгүй байдлыг нь хангах зориулалтын сантай байдаг. Манайд улс, орон нутгийн Замын сан байдаг ч ор нэрийн төдий. Сангийн хөрөнгийг бүрдүүлэх гэж бидний халааснаас татвар, зам ашигласны төлбөр гэх мэтээр авдаг. Замын сан нь биднээс авсан мөнгөөрөө нүх, хагархай болсон замаа дор нь засах боломжтой. Гэтэл засахгүй байна. Уг нь хуулиараа сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалтад зам хэрэглэгчид бид өөрсдөө хяналт тавих заалттай” гэсэн юм.
Харин албаныхан “Авто зам ашигласны төлбөрийн мөнгө хаанаа ч хүрдэггүй” хэмээн гоншигносоор байна. Улмаар энэ оноос авто зам ашигласны төлбөрийн хэмжээг нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг ихэсгээд буй юм. Орон нутгийн иргэд Улаанбаатар хотод зорчихдоо хоног тутамд 5000 төгрөгийг зам ашигласны төлбөрт өгөхөөр болсныг бид өмнө нь хөндсөн билээ.
ӨВӨЛ Ч ЗАСАХ БОЛОМЖТОЙ
“Зам засахдаа гадаадаас технологи оруулж ирэх тооцоо судалгаа хийж байна” гэж хотын дарга сүүлийн үед ярьж буй. Тэрбээр өмнө нь давс, бодис цацах талаар гадаадынхнаас туршлага судална гээд олны доог тохуу болсон удаатай. Уг нь хотын замыг засах, тэр байтугай жилийн дөрвөн улирлын турш арчлах технологийг холоос хайлтгүй аж. Учир нь дотоодод хэдийн нэвтрүүлсэн бэлэн технологи байна. Жишээ нь, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 217-284 км-т үүссэн нүхэн эвдрэлийг хүйтэн асфальтбетоноор хучих ажлыг “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК-ийнхан өнгөрсөн сард гүйцэтгэжээ.
Хүйтэн асфальтбетон хучилтын давуу тал нь жилийн дөрвөн улиралд буюу цас, бороо, чийг өндөртэй ямар ч нөхцөлд дэвсэх боломжтой гэнэ. Өөрөөр хэлбэл, манай орны эрс тэс байгаль, цаг уурын нөхцөлд тэсвэртэй юм байна. Халуун асфальттай харьцуулахад богино хугацаанд засварлаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээх боломжтой нь бас нэг давуу тал аж. Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр олон улс, улсын чанартай авто зам хариуцагч байгууллагууд нүхэн эвдрэлийг засварлахдаа уг технологийг ашиглаж буй гэнэ.
Замын салбарт ажилладаг хувийн хэвшлийн компаниуд 5-6 жилийн өмнөөс дээрх технологийг нэвтрүүлж ашиглаж буй юм билээ. Хотын замыг засах гэж заавал дулааны улирал ирэхийг хүлээх шаардлагагүй, өвөл ч ажиллах боломжтой гэсэн үг. Гэтэл манай хотын удирдлагаас энүүхнийг ч аваад ашиглачих сэтгэл, зүтгэл гарахгүй байгаа нь харамсалтай.
Бэлтгэсэн М.Оч