2024 оны гуравдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Сочи хотноо болсон “Дэлхийн Залуучуудын Их наадам”-д Монголын 100 гаруй залуус амжилттай оролцоод ирлээ. Дэлхийн 188 орны 20 мянган залуус оролцсон энэхүү их наадмын оролцогчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Монголын залуусыг бүртгэх сонгон шалгаруулах ажлыг Монголын залуучуудын холбоо, Улаанбаатар дахь Русский Дом хамтран хийв. Наадмын хүрээнд 800 гаруй арга хэмжээ явагдаж, наадмын талбайд Оросын өнцөг бүрээс таван мянган сайн дурынхан, 300 хөтөч ажиллаж, Оросын 89 бүс нутагт гадаадын төлөөлөгчдийг хүлээн авлаа.
“Культурное шефство-Соёлын ивээл” хэмээх хөтөлбөрийн хүрээнд Оросын бүс болгон гадаадын төлөөлөгчдийг дагуулан явж, зочдыг Оросын соёлтой танилцуулжээ. Зочид холбооны нутаг дэвсгэрийн “Орнитологийн цэцэрлэгт хүрээлэн” дэх Олон улсын найрамдлын гудамжинд мод суулгаж, уул руу аялж, урлагийн үйл ажиллагаанд оролцов. “Дэлхийн Залуучуудын Их наадам”-ын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Большой” спортын Ордонд болж, хаалтын үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцжээ.
Энэхүү наадам өдөр бүр өөрийн гэсэн тодорхой агуулгын хүрээнд зохион байгуулагдсан. Тодруулбал, “Дэлхийн хувь заяаны талаар хариуцлага хүлээх”, “Олон үндэстний эв нэгдэл”, “Хүн болгонд боломж хайрлах ертөнц”, “Хүүхэд энх тайвны төлөө гэр бүлийг хадгалан хайрлая”, “Бид Орос Улстай хамт” гэсэн сэдвийн хүрээнд үйл ажиллагаанууд болов.
Зургаан хоногийн турш үргэлжилсэн тус наадамд орос болон гадаадын 137 лектор илтгэл тавьж, мастер хичээл орсноос гадна Леонид Агутин, Шаман, Нилетто гэх дуучид , “Моя Мишель”, “Дабро”, “Ума Турман” зэрэг хамтлагууд ая дуугаа өргөжээ.
“Дэлхийн Залуучуудын их наадам”-ын анхаарал татсан зүйл нь үндэснийхээ хувцасаар гоёж, өөрийн улс орныхоо далбааг барьж явсан залуучуудын жагсаал байлаа. Тус жагсаалд 150 улсын 2000 хүн оролцжээ. Түүнчлэн дээрх наадмын хүрээнд дэлхийн залуучуудын наадмуудын түүхэнд бичигдэх анхны тохиолдол нь 14-17 насны хүүхдийн боловсролын хөтөлбөр байлаа.