ДБЭТ түүхт 61 жилийнхээ ойг угтан үзэгч, сонсогчдодоо барьж буй эхний бэлэг бол “Макбет” дуурь болон гала концерт юм. Ардын жүжигчин, дэлхийн дуурийн “Оскар”-ын шагналын эзэн, баритон Э.Амартүвшин эх орондоо ирж, ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран Ж.Вердийн “Макбет” дуурийг энэ сарын 9-нд сонгодог урлагт шимтэгсдэд толилуулахаар болоод байна. Э.Амартүвшин уран бүтээлийн гараагаа анх эхэлсэн ДБЭТ-ын тайзнаа долоон жилийн дараа Макбетын дүрээр гарах гэж буй нь энэ юм. Мөн удаах өдөр нь төрөлх театрынхаа уран бүтээлчидтэй хамтран гала концерт тоглох тухайгаа өчигдөр онцоллоо.
Ж.Вердийн алдарт гурван дуурийн нэг “Макбет” нь У.Шекспирийн хамгийн алдартай эмгэнэлт зохиолуудын нэгээс сэдэвлэсэн. Хувийн ашиг сонирхлын төлөө эрх мэдлийг эрэлхийлэх нь хүний бие махбод, сэтгэл зүйд ямар хор уршигтайг эл бүтээл харуулдаг билээ. Мөн дуурьд хайр дурлал өгүүлдэггүй гэдгээрээ онцлогтой. “Макбет”-ын анхны хувилбарыг 1847 онд толилуулж байсан. Тэгвэл 1865 онд дахин шинэчилсэн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Тэгвэл энэ удаад ДБЭТ-т тоглох “Макбет” дуурь нь анхны болон шинэчилсэн найруулгыг нийлүүлэн үзэгчдэд хүргэж буйгаараа онцлогтой гэнэ.
Э.Амартүвшин олон жилийн дараа театртаа ирэхэд ДБЭТ-ын ажиллах хүч залуужиж, илүү хүчирхэг болсныг хараад баярлах сэтгэл төрсөн тухайгаа дурдлаа. Энэхүү дуурийн найруулагчаар ДБЭТ-ын ерөнхий найруулагч С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир, хөтлөх найруулагчаар Б.Цэрэндаваа, зураачаар О.Баярмагнай нар ажиллаж, тус театрын гоцлол дуучид, симфони найрал хөгжимчид болон найрал дуучид оролцох юм.
Бэлтгэсэн: С.Уул