Ардын жүжигчин, дэлхийн дуурийн “Оскар”-ын шагналт Э.Амартүвшин эх орондоо тоглох нь. Тэрбээр Ж.Вердийн алдарт “Макбет” дуурьд тоглохоор болсныг ДБЭТ-аас өнгөрсөн баасан гарагт зарласан юм. У.Шекспирийн зохиолоос сэдэвлэсэн эл дуурийг ирэх сарын 9-нд ганцхан удаа олон нийтэд хүргэхээр товлосон бөгөөд Макбетийн дүрийг Э.Амартүвшин бүтээх аж. “Төрөлх театрынхаа 60 жилийн ойд зориулж дуулна” хэмээн тэрбээр өмнө нь амласнаа ийнхүү биелүүлж байгаа гэнэ. Манай уран бүтээлч өдгөө дэлхийн сонгодог урлагийн шилдэг агентуудын нэг “Ariosi management” байгууллагатай хамтран ажиллаж, олон улсын томоохон театруудын тайзнаа тоглосоор буй билээ.