ШӨХТГ-ын дарга Н.Мандуул Монгол Улсын Шадар сайдад ажлаас чөлөөлөгдөх өргөдөлөө долдугаар сарын 5-ны өдөр өгсөн байна. Тэрбээр өргөдөлдөө “Ажлаа хүлээн авснаас хойших хугацаанд байгууллагын үндсэн чиг үүргийг бүрэн хэмжээнд хангалттай байдлаар хэрэгжүүлэх зорилт тавин, холбогдох судалгаа шинжилгээг хийлээ. Үүний үр дүнд тус газар нь Монгол Улсын хэмжээнд шударга өрсөлдөөнийг хангах, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг хийх үүрэгтэй ч хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэн ажиллах анхдагч суурь нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэлээ. Байгууллагын бүтцийг шинэчлэх, төсвийн тодотгол хийх, газрын гишүүдийг томилох, ерөнхий байцаагчийн эрх олгох зэрэг хүсэлтийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа болно. Иймд миний бие цаашид үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй тул үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүргүүлж байна" гэдгээ дурдсан байна.