АНУ-д амьдардаг, балетчин, “World ballet grand prix Mongolia” байгууллагын захирал У.Бат-Эрдэнэ ирэх сарын 14-19-нд эх орондоо балетын эрчимжүүлсэн сургалт зохион байгуулахаар болжээ. Тэрбээр насанд хүрэгчдэд, багш нарт гэсэн ангиллаар уран сэтгэмж, олон ардын бүжиг, контемпорари, хослол болон монгол бүжиг, урын сан зэрэг сэдвээр зургаан өдрийн хичээл заах юм байна. Мөн тухайн сарын 20-нд БНСУ-ын Балетын холбоо, “World ballet grand prix Mongolia” байгууллага, Солонгосын олон улсын балетын уралдааны ерөнхийлөгч Пак Жае Хын бүх насныханд нээлттэй хичээл заах ажээ. Балетчин У.Бат-Эрдэнэ нь ДБЭТ-аас ажлын гараагаа эхэлсэн, олон улсын уралдаанд манай улсаас анхлан өндөр амжилт үзүүлсэн, балетын урлаг өндөр хөгжсөн улс орнуудад хэдийн танил болсон мэргэжилтэн билээ.