Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо өчигдөр хуралдаж, ажлын явцын тайланг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны 2023 оны 11 дүгээр тогтоолоор “Түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов”-ыг баталж, 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр олон нийтэд зарлан бэлтгэл ажлыг хангасан. Гэвч сонсголд гэрчээр дуудахаар товлосон 100 гаруй этгээдийн 50 орчим хувь нь Авлигатай тэмцэх газар болон цагдаагийн байгууллагад нэгэнт шалгуулж, гол гэрчүүдийн хувьд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан нь түр хорооны сонсголыг зохион байгуулахад хүндрэлтэй нөхцөл бий болгожээ. Мөрдөн байцаах ажлын нууцыг хамгаалах, үр дүнг дээшлүүлэх шаардлагаар Авлигатай тэмцэх газраас 2023 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн албан тоотоор Түр хорооны сонсголыг хойшлуулах хүсэлтийг тавьсан тул Сонсгол хийх боломжгүй болсон байна.
Хянан шалгах түр хорооноос тайлант хугацаанд нийт 77 албан бичгийг холбогдох газруудад хүргүүлж, 45 албан бичиг ирүүлсэн материалтай танилцан, нотлох баримт цуглуулах нөхцөл байдалтай газар дээр нь танилцах тэмдэглэл үйлдэх баримт цуглуулжээ.
Хянан шалгах түр хорооны бүрэн эрхийн хугацаанд 5 шинжээч, 5 хянан шалгагчийг томилон, нийт 6 удаа хуралдаж Хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой 10 тогтоолыг баталсан байна. Хянан шалгах түр хороо 2022 оны аравдугаар сарын 31-ний өдөр Ховд аймгийн Булган хилийн боомт, Баян-Өлгий аймгийн Цагааннуур чөлөөт бүсэд, 2022 оны 11, 12 дугаар сард Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Ханги боомтын үйл ажиллагаатай удаа дараа очиж танилцжээ.