Варшав хотод “МОНГОЛ НААДАМ”-ыг Польш дахь Монголчуудын холбоо Польшийн Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Наадмын нээлтэд Варшав хот, Повшин цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд болон албаны зарим хүмүүс Польшийн талаас уригдан оролцсон байна. Наадмын талбайд гэр барьж, хүндэт зочдыг хүлээж авсан бөгөөд Монгол гэрийн танилцуулга, 2023 онд жуулчдад зориулан Монгол Улсад зохион байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар мэдээллээ. Мөн Польш хүмүүс наадмын талбайд барьсан гэр, майхнуудаар орж монгол соёл, ёс заншилтай танилцсан байна.
Түүнчлэн “МОНГОЛ НААДАМ”-ын хөтөлбөрийн дагуу үндэсний бөхийн барилдаан, шагайн харваа, хүүхдийн зургийн уралдаан, шатрын тэмцээн, монгол хувцасны загвар үзүүлбэр, монголчуудын парад, үзэсгэлэн худалдаа, монгол хоолны үйлчилгээ зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдлаа. Үндэсний бөхийн барилдаанд Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн Начин О.Пүрэвбаяр түрүүлж, Польшийн Радом хотын их сургуулийн хэлний бэлтгэлийн оюутан Г.Батсайхан үзүүрлэлээ.
Наадамд “Гурван Бүдүүн” хамтлаг, Guys 666 хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал нар уригдан оролцож, монголчуудад зориулан тухайн өдрийн үдэш концерт тогложээ. Мөн Польш дахь монголчуудын “Монгол аялгуу” хамтлаг наадамд ая дуугаа өргөлөө.