Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макроны зарлигаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнг “Үндэсний гавьяа” одонгоор шагнажээ. Монгол Улс дахь Францын Элчин сайд Сэбастиен Сүрүн өчигдөр уг одонг гардуулсан юм. Гишүүн Ж.Чинбүрэн нь Монгол, Францын парламентын бүлгийн даргаар ажилладаг бөгөөд үүнийхээ хүрээнд хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буйг нь ийнхүү үнэлснийг Францын Ерөнхийлөгчийн зарлигт дурджээ. Түүнчлэн эмчийн хувиар францын эмч, судлаачидтай нягт хамтран ажиллаж, тэдний сургалт, судалгааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг онцолсон аж. “Үндэсний гавьяа” нь Францын хамгийн дээд шагнал болох Хүндэт легионы одонгийн дараа хоёрт эрэмбэлэгддэг бөгөөд тус улсад 1963 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар олгож эхэлжээ. Уг одонг дотоодын цэргийн болон төрийн албанд гавьяа байгуулсан хүмүүст, түүнчлэн олон улсын харилцаанд хувь нэмэр оруулсан гадаадын иргэдэд олгодог байна. “Үндэсний гавьяа” одонг өмнө нь манай улсаас франц хэлний багш, орчуулагч Б.Хэнмэдэх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл нарын хүмүүс хүртэж байжээ.