Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртээх талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийлээ.
Монгол бахархлын өдрөөр “Чингис хаан” одонг монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд /JACK WEATHERFORD/, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов нарт гардуулахаар болжээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:
"АНУ-ын эрдэмтэн Жэк Уэтерфорд бол АНУ-ын улс төрийн түүх, Монголын түүх, соёл, тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрний талаар олон арван ном, бүтээл туурвисан. Энэ нь олон улсад үнэлэгддэг нэрт эрдэмтэн юм. Тэрбээр 2004 онд гаргасан "Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан" бүтээлээрээ Чингис хаан болон Монголчуудын талаарх дэлхийн түүхэнд үлдсэн буруу ойлголтуудыг залруулж, "Чингис хаан бол чөлөөт худалдаа, олон улсын харилцаа, мэдлэг мэдээллийн солилцоо, олон улсын эрх зүй, дипломат халдашгүй дархан байдал, шашны эрх чөлөө, сүм хийдээс ангид орших улс төрийн тогтолцоо зэргийн суурийг тавьснаараа өнөөгийн ертөнцийг үндэслэсэн Их хаан юмаа" хэмээх үзэл санааг дэвшүүлсэн байна. Тус номыг 20 орны хэлээр, 300 мянган хувь хэвлэсэн байна. Мөн тэрбээр "Монгол хатдын нууц товчоо" хэмээх номыг 2012 онд хэвлэн нийтлүүлсэн. Тус бүтээл 6 хэлээр орчуулагдаж, олон уншигчдын хүртээл болсон нь Монгол хатдын гавьяа зүтгэлийг олон улсад алдаршуулахад бодит хувь нэмэр оруулсан. Тус бүтээлд Их эзэн Чингис хааны хатад, охид мөн Алтан ургын хатад очсон газар, орондоо Монгол төрийн алтан аргамж, эрдэм чадал, ургийн хэлхээгээрээ улс гүрнийхээ гадаад, дотоод харилцааг бэхжүүлж, зуун зууны турш Алтан ургын эрчүүдтэй эн зэрэгцэх ухаан билэг уралдуулж, төрийг засан, түүхийг бичилчсэн талаар өгүүлжээ.
ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Д.Доржготов Монголын хүрэл судлал, эко систем, байгаль орчны талаар олон арван бүтээл туурвисан Монголын нэрт эрдэмтэн, академич юм. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хөрс, газарзүй, байгаль орчин, экологийн чиглэлээр 30 гаруй судалгааны төсөл удирдан гүйцэтгэж, манай орны ихэнх нутгийг хамарсан олон улсын 40 гаруй хээрийн экспедиц зохион байгуулсан. Мөн 300 гаруй ном монограф, газрын зураг, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээл туурвиснаас 110 гаруй нь орос, англи, герман, хятад хэлээр нийтлэгдсэн" хэмээн мэдээллээ.