Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Манай улс 2000 оноос хойш төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааны тендер шалгаруулалтыг бие даасан хуулиар зохицуулж буй. Харин одоо тендер шалгаруулалт дахь хүний оролцоог багасгах, мэдээллийн ил тод байдал, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөл бүрдүүлэхийн тулд шинэчилж байгаа юм. Ингэхдээ технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог 60 хувиар бууруулах, худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гүйцэтгэлийг хянах хүртэл цахим системээр зохион байгуулах, дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих, тендерт оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх зохицуулалт тусгасан байна. Тендер шалгаруулалтад оролцоход бүрдүүлж буй аж ахуйн нэгжүүдийн баримт бичгийг 70 хувиар бууруулж, төрийн мэдээллийн системд хадгалагддаг бүх мэдээллийг тендерт оролцогчдоос шаардахгүй болох нь.
Энэ төслийн талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул “Тендерт оролцож буй компаниудын бүрдүүлдэг нийт материалын 70 хувь нь төрд бий учраас компани зөвхөн үнэн зөв мэдээлэл өгсөн гэж баталгаа гаргана. Тендерийн бүх үе шатыг нээлттэй болгоно гэж байгаа ч үнэлгээ хийх явц олон нийтэд харагдахгүй. Тендерт шалгарсан ч ажлаа дутуу гүйцэтгэсэн гэх мэт зөрчил гаргавал тухайн компанийг удирдлагуудынх нь хамт “хар жагсаалт”-д бүртгэнэ. Орон нутгийн аж ахуйн нэгжид давуу эрх олгоно. Мөн цахим дэлгүүрт төрийн байгууллагуудын тогтмол худалдан авдаг бараануудыг байрлуулан, тэндээс сонголтоо хийдэг болно. Чанар, стандарт хангасан барааг л энэ дэлгүүрт оруулж, төрийн байгууллагууд захиалга өгөн, үйлчлүүлнэ. Хуудсаа дугаарлаагүй, гарын үсэг дутуу гэх мэт шалтгаанаар тендерт ирүүлсэн баримтыг буцаахгүй. Компаниуд tender. gov.mn цахим хуудсанд нэг удаа бүртгүүлэн, мэдээллээ нэг удаа л оруулна. Дахин оруулах шаардлагагүй. Хамгийн бага биш, бодит үнэ санал болгосон аж ахуйн нэгжийг шалгаруулахаар тусгасан. Төсөвт өртгийн 80 хувиас бага үнэ санал болгосон аж ахуйн нэгжийг шалгаруулалтаас хасах юм. Мөн анхны өртөг бага атлаа цахилгаан их хэрэглэдэг гэх мэт ашиглалтын зардал өндөртэй санал өгвөл мөн хасах болно” хэмээн танилцууллаа. Ташрамд дурдахад, өнгөрсөн оны эцсээр “хар жагсаалт”-д орсон 46 аж ахуйн нэгж бий аж.