Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, АН-ын тамга, тэмдэг, төлөөлөх эрхтэй холбоотой хүсэлтийг хэлэлцсэн байна. Тус намын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхжаргал, Б.Ган-Очир, П.Нүрзэд нар “Хаягийн өөрчлөлт бүртгүүлэх тухай” хүсэлт гаргасныг хэлэлцээд тус намын ерөнхий захиргаа, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй, маргаантай байгаа нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолуудаар тодорхойлогдож байх тул хүсэлтийг хангахаас татгалзсан юм. Мөн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолд тайлбар хүсэх тухай АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх И.Мөнхжаргалаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд, түүнд дурдсанаар нийт шүүгчийн хуралдаанаас гаргасан тогтоолыг тайлбарлах шаардлагагүй гэж үзсэн гэнэ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-3-т “шүүх хэрэглэх хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэж үзвэл тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, Улсын дээд шүүхэд энэ талаар санал гаргах”-аар заасан. Энэ заалтыг үндэслэн нийслэлийн болон орон нутгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны зарим шүүх “УИХ-аас 2022 оны зургадугаар сарын 3-нд баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл, хэсэг Үндсэн хуульд нийцээгүй” гэж үзсэн талаарх саналыг Дээд шүүхийн нийт шүүгчийн хурлаар хэлэлцжээ. Улмаар Улсын дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах үндэслэл тогтоогдоогүй хэмээн дүгнэсэн аж.
Мөн нийт шүүгчийн хурлын үеэр Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн албан бичгийг танилцуулав. Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.10-2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг тайлбарласан байдаг. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн цэцээс “Иргэн Б.Баяраа нарын нэр бүхий 11 иргэний мэдээллээр Улсын дээд шүүхийн 2022 оны 11 дүгээр тогтоол нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтыг агуулгаар нь дахин сэргээсэн, эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх Цэцийн хуралдаанд бэлтгэх ажиллагаа явагдаж байгаа тул итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, холбогдох тайлбараа ирүүлнэ үү” гэсэн албан бичиг ирүүлсэн гэнэ.
Харин нийт шүүгчийн хуралдаанаас Үндсэн хуулийн цэц болон бусад байгууллагад Улсын дээд шүүхийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах нь тус шүүхийн ерөнхий шүүгчид хуулиар олгосон бүрэн эрх, урьд нь энэ асуудлыг нийт шүүгчийн өнгөрсөн есдүгээр сарын 27-ны хуралдаанаар шийдвэрлэсэн тул энэ асуудлаар дахин шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзэв. Эдгээр асуудлаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлахаар болж, нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх эхний тайлбарын төслийг 2023 оны нэгдүгээр сарын 31-ний дотор боловсруулахыг холбогдох хүмүүст даалгажээ.
Бэлтгэсэн Г.Орчлон