УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж, мөрдөх журмын тухай хуулийн төсөл болон нийгэм, эдийн засгийн бодит байдал, статистик үзүүлэлтийн талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн мэдээллийг сонсжээ. Эдийн засгийн өсөлт дунджаар 4.4 хувь байгаа бол хэлбэлзэл нь 5.5-д хүрсэн, ирэх онд ядуурал 42.2 хувьд хүрэх эрсдэл бийг тэрбээр дурдсан байна. Эрх баригчдын өнөө, маргаашаа аргацаасан бодлого Монгол Улсыг эдийн засгийн хувьд чөтгөрийн тойрогт оруулсан гэж цөөнхийн бүлгийн гишүүд санал нэгдсэн аж. Мөн хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа өрхийн амьжиргааны түвшнийг хэрхэн тодорхойлсон, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багасаж буйд нөлөөлсөн хүчин зүйл болон инфляцыг тооцох аргачлалын талаар Үндэсний статистикийн хорооны даргаас тодруулжээ.
Бэлтгэсэн Б.Уран