АНУ-ын эрдэмтэн Каролин Бертоцци, Барри Шарплесс, Данийн Мортен Мелдал нар молекул үүсгэх аргыг хялбарчилсны төлөө Нобелийн 2022 оны химийн салбарын шагналтнаар тодров. Нобелийн химийн хорооны мэдэгдлээс үзвэл химийн мэргэжилтнүүд илүү нарийн бүтэцтэй молекулуудыг, тэр дундаа анагаах шинж чанартайг бүтээхийг оролддог. Энэ нь цаг хугацаа их шаардахын сацуу маш өндөр зардалтай. 2022 оны шагналтнууд нарийн төвөгтэй үйл явцыг хялбарчлах хүчин чармайлт гаргасан аж. Тодруулбал, салангид молекулуудыг янз бүрийн зорилгоор, химийн шинж чанарт нь ямар ч нөлөө үзүүлэхгүйгээр нэг бүхэл болгох (клик-хими гэж нэрлэдэг)-д нүүрстөрөгч-азотын холболтын арга ашиглах санаа олжээ.
Барри Шарплесс эл нэр хүндтэй шагналыг хоёр дахь удаагаа хүртэж буй. Тэрбээр эмийн үйлдвэрлэлийн чиглэлээр хийсэн судалгааныхаа төлөө 2001 онд уг шагналыг Режи Ноери, Уильям Ноулз нартай хуваалцсан юм.
1901 оноос хойш Нобелийн химийн салбарын шагналыг 113 удаа олгожээ. Энэ завсар найман удаа буюу 1916-1919, 1924, 1933, 1940- 1942 онд Нобелийн хороо нэр дэвшигчдийн танилцуулсан бүтээлийг зохистой гэж үзээгүй учраас шагналтан тодроогүй. Энэ салбарын 65 шагналыг тус бүр нэг хүнд олгосон бол 25-ыг нь 2-3 судлаач хуваасан байна.
Химийн салбарт Нобелийн шагнал хүртсэн 187 хүний долоо нь эмэгтэй. Тэдний хоёр нь болох Мария Кюри, Дороти Крофут Хожкин нар хамтран зохиогчгүйгээр дангаараа шагнал хүртжээ. Мария Кюри 1903 онд физикийн чиглэлээр Нобелийн шагнал хүртэж байсан бол түүний охин Ирен 1935 онд нөхөр Фредерик Жолиогийн хамт шагналтан болсон аж. Фредерик Жолио 35 настайдаа химийн салбарын хамгийн залуу шагналтан болсон юм. Хамгийн өндөр настай шагналтнаар 2019 онд 97-тойдоо шалгарсан Жон Б.Гүденоф тэмдэглэгджээ. Тэрбээр мөн Нобелийн бүх салбарын шагналтнуудаас хамгийн ахмад нь аж.
Адольф Гитлер Германы Нобелийн гурван шагналтныг шагналаа авахыг хориглож байжээ. Тодруулбал, 1938 онд Ричард Кун, 1939 онд Адольф Бутенандт химийн, 1939 онд Герхард Домагк физиологи, анагаах ухааны салбарын шагналын зөвхөн диплом, медалиа хожим нь авчээ. Нобелийн шагналыг 1901 оноос хойш 609 удаа олгожээ. Мөн хугацаанд 943 хүн, 45 байгууллага шагналтан болсон гэнэ. 2022 оны Нобелийн шагналын хэмжээ 10 сая швед крон (ойролцоогоор 900 мянган ам.доллар) байна. Шагналыг Альфред Нобелийн таалал төгссөн өдөр буюу арванхоёрдугаар сарын 10-нд гардуулна. Цар тахлын улмаас хоёр жил завсарласны дараа уг ёслол дахин Стокхолмын филармонид болох бөгөөд хаан Карл XVI Густаваас шагналтнууд алтан медаль, дипломоо гардах аж.