Нэг найз маань хэдэн жилийн өмнө “Монголд муу зүйл бүхэнд саад үгүй. Харин сайн бүхэнд саад бий” гэж “шүлэглэж” байлаа. Худалдааны төвийн биеийн засах газарт мөнгө төлдгийг эсэргүүцэн ийнхүү толгой холбосон тэрбээр “Нэг сайхан жишиг нийтийн бие засах газар байгуулчихаад мөнгө төл гэвэл би татгалзахгүй. Гэтэл зах, худалдааны төв байж бие засах газраа хүртэл давхар бизнес болгож байгаа нь шударга биш. Харин ч тухайн газраар үйлчлүүлсэн хүнд талархаад нэмэлт үйлчилгээ үзүүлэх ёстой” гэж бухимдаж байсныг нь хэд хоногийн өмнө өөрийн эрхгүй санав. Цахим сүлжээнд дээр өгүүлсэнтэй ижил сэдвийн хүрээнд өрнөсөн “маргаанаас” болж түүнийг санасан хэрэг. Тодруулбал, бие засах газраа иргэдэд үнэгүй ашиглуулахаар болсон Худалдаа хөгжлийн банкны удирдлагад нийслэлийн Засаг даргын орлогч баяр хүргэж, сүржигнэсэн байв. Угтаа бол ийм үйлчилгээ үзүүлэх нь үйл ажиллагааных нь, хүлээсэн үүргийнх нь салшгүй хэсэг юм, яг л мөнгө гуйвуулах, хадгаламж нээх зэрэгтэй адил. Нөгөөтээгүүр, энэ бол бахархан, гайхуулаад, олон нийтэд зарлан тунхаглаад байх зүйл биш. Хотын орлогч даргын хийтэй үгнээс улбаалан нийтийн бие засах газрын талаарх гадаадын орнуудын “бодлого” ямар байдгийг сонирхов. Бас Монголд энэ талаарх зохицуулалт, дүрэм журам байдаг, эсэхийг ч хайв.
Ямартай ч олон улсын хувьд том, жижгээсээ үл хамааран зах, худалдаа, үйлчилгээний төвүүд (банк, театр, галт тэрэг, онгоцны буудал, зоогийн газар дэлгүүр бүгд хамаатай) нь бие засах газраа үйлчлүүлэгчдэд үнэ төлбөргүй ашиглуулах зохицуулалттай байдаг аж. Энэ бол үйлчилгээний соёлын салшгүй хэсэг бөгөөд ариун цэврийн өрөөгүй тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй гэсэн шаардлага тавьдаг юм байна.
Харин манайхны хувьд томоохон худалдааны төв, захуудаар үйлчлүүлснийхээ төлөөсөнд бие засах эрхээ хясуулж, мөнгө төлж дарамтлуулдаг нь бичигдээгүй хууль. Энэ бол ялангуяа нийслэлд түгээмэл үзэгдэл. Гэтэл үнэндээ бол иргэд зах, худалдааны төвүүдийн бие засах өрөөгөөр үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй. Эрүүл ахуйн тухай хуулийн 7.5-д “Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна” гэж заасан бол Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын 8.1.5- д “Худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх” гэж заажээ. Нийслэлийн захирагчийн баталсан эл журмыг 2019 оны аравдугаар сараас мөрдөж эхэлсэн ч хэрэгжүүлдэг нь цөөн. Эхэндээ хэсэгхэн хугацаанд “даалгаврыг” муугүй биелүүлж байгаад эргээд л төлбөр нэхдэг “журамдаа” орсон. Үүндээ гаршиж, “үүргээ” сахин биелүүлж байгаа нь үнэхээр үлгэр жишээ. Бие засах газрын өрөөний “жижүүр”-үүдийнх нь ааш авир гэж ажлынхаа шаардлагад яв цав нийлсэн байх нь бүр сүрхий. Тэдний буруу гэж юу байх вэ, түрээсээр ажиллуулж ашиг олж байгаа юм чинь “өндөр” шаардлагатай байх нь аргагүй.
Хэрэгжүүлдэггүй, эсвэл хэрэгждэггүй алин байх нь хамаагүй, ямартай ч Эрүүл ахуйн тухай хуулийн заалт, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журам “амьгүй” явсаар байгаа нь үнэн. Үе үе мэргэжлийн хяналтынхан сүртэйхэн шалгаад, торгодгийг эс тооцвол үйлчилгээний байгууллагуудын нийтийн бие засах газрын ашиглалтын талаар санаа тавьдаг мэргэжилтэн нийслэл, дүүрэгт байна уу. Байдаг бол ажлаа хийнэ үү. Таны ажилд банкны захирал хүртэл “хутгалдаад” хүмүүст баалуулж, загнуулаад байна шүү.
Дэлхийн жишгээр бол худалдаа, үйлчилгээний газруудын бие засах өрөө болон нийтийн бие засах газрын тухай ойлголт нь тусдаа аж. Тодруулбал, хот, муж, дүүрэг, хорооны тодорхой хэсгүүдэд, хөл хөдөлгөөн ихтэй, олон нийтийн газруудад нийтийн бие засах газрыг тусгайлан байгуулж, төлбөртэй үйлчилдэг нийтлэг жишээ байна. Үүнийг аль ч газарт “сити туалет” гэж нэрлэх нь түгээмэл. Бие засах нь хүний бие физиологийн гарцаагүй шаардлага бөгөөд үүнийг нь хангахын тулд ийм байгууламжуудыг олноор байгуулдаг. Энэ нь хотын соёлыг хэвшүүлэхэд нэн чухал асуудал. Нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ мөнгө төлдөг “тогтолцоог” анх Британийн Лондон хотод нэвтрүүлсэн түүхтэй. Олон нийтийн бие засах газар, үүний үйлчилгээ ямар байдгийг жишгээр нь харуулсан улс нь Франц, Япон гэнэ. Парисын булан бүрт өөрийгөө цэвэрлэдэг, ухаалаг бие засах газар олон бий. Тэнд зоос төлж орох бөгөөд бие засахаас эхлээд усанд орох боломжтой. Харин үйлчилгээний байгууллагуудын нийтийн бие засах өрөөнд ийм “тансаг” үйлчилгээ үзүүлэх боломжгүй, хамгийн чухал нь хүний зайлшгүй хэрэгцээнд дөрөөлж бизнес хийхийг хориглосон буюу үнэ төлбөргүй байдгаараа онцлог аж.