Португалын Алмада хотод энэ сарын 28-30-нд зохион байгуулсан гран при тэмцээнд хүч сорьсон Монголын жүдочдоос салхи хагалж 60 кг-ын жинд “Хангарьд” спорт хорооны тамирчин Б.Цогт-Очир, 73 кг-д Дархан-Уул аймаг, “Женко” клубийн Л.Анхзаяа нар анх удаа хүрэл медаль хүртлээ. Манайхан одоогоор хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар 41 улсаас 16 дугаарт жагсаж байна. Тэгвэл ОХУ-ын Красноярск хотод болсон чөлөөт бөхийн Иван Ярыгины гран прид зодоглосон эмэгтэйчүүдээс 62 кг-ын жинд Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа нар өрсөлдөгчөө цэвэр ялж түрүүллээ. С.Цэрэнчимэд гурван жилийн өмнө 57 кг-д анх тэргүүлсэн бол энэ удаа 62 кг-ын жинд өрсөлдөж эл тэмцээний хошой аварга болов. Тэмцээний хоёр дахь өдөр 53 кг-д Г.Отгонжаргал, сүүлийнхэд 72 кг-д Э.Даваанасан алтан медалийн төлөө барилдаад мөнгөн медаль зүүв. Тэднээс гадна Д.Отгонжаргал (50 кг), Б. Хулан (53 кг) Э.Сумъяа, Б. Марал (55 кг) Х.Болортуяа (57 кг), Б. Шоовдор (59 кг), З. Болортунгалаг (65 кг) Э.Дэлгэрмаа (68 кг), Д.Цогзолмаа (72 кг), Г.Ариунжаргал, Н.Загардулам (76 кг) нар хүрэл медаль хүртжээ. Энэ удаагийн гран пригээс манай эмэгтэйчүүд тус бүр хоёр алт, хоёр мөнгө, 10 хүрэл нийт 14 медальтай ирж байгаа бол эрэгтэйчүүд сүүлийн гурван жил Красноярскийн дэвжээнээс ганзага хоосон буцлаа.
Бэлтгэсэн Г.Цэцэг