Цанын спортын тамирчин, ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар “Бээжин-2022” өвлийн олимпод эх орноо төлөөлж оролцох эрх аваад буй. Тэд “Скай ресорт” цанын баазад бэлтгэлээ базааж байна. Манай тамирчдын олимпын нээлт болон тэмцээний үед өмсөх хувцас, хэрэглэлийг Монголын багийн ахлагч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй өчигдөр цаначдад гардууллаа. Цар тахлын улмаас халдвар хамгааллын дэглэм баримталж, хувцас хэрэглэл гардуулах ёслолыг цомхон зохион байгуулсан юм. Монголын тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч “Michel & Amazonka” компанийнхан урласан байна. Манай тамирчид ирэх даваа гарагт Бээжинг зорих юм. Тэнд хөл тавих тамирчид олон улсын стандартад нийцсэн вакцин хийлгэсэн байх шаардлагатай. Харин хийлгээгүй нь 21 хоног тусгаарлагдан, шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд тэмцээнд оролцох аж.
Бэлтгэсэн Г.Цэцэг