Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг-ын жингийн дэлхийн аварга “King Tug” буюу Н.Төгсцогт хэдхэн хоногийн дараа (энэ сарын 22-нд) рингэнд гарч, ээлжит тулаанаа хийх нь. Тэрбээр өмнө нь мэргэжлийн боксын дэвжээнд 14 тулаан хийснээс 12 ялж, хоёр ялагдсан. Тухайлбал, хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард WBA холбооны 58.9 кг-д “Interim champion” буюу түр аваргын бүсийг эзэмшигч Крис Колберттой жин өгсөж, аваргын бүсийн төлөө тулалдсан ч оноогоор ялагдсан. Энэ удаа түүний өрсөлдөгч нь АНУ-ын боксчин, 29 настай “Vicious” буюу Виктор Пасильяс. В.Пасильяс 10 жилийн өмнө мэргэжлийн бокст хөл тавьж, 17 тулаан хийснээс 16 ялж, нэг ялагдсан амжилттай. Тэрбээр өнгөрсөн жилийн нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ялагдсанаас хойш рингэнд дахиж гараагүй. Н.Төгсцогт, В.Пасильяс нар одоо 57.2 кг-д өрсөлдөнө. Хэн ялсан нь хойшид аварга цол, бүсний төлөө тулалдахад ойртох юм. Тиймээс ч хэн, хэнийх нь замналд тун чухал тулаан болох нь гарцаагүй.
Тулааны өмнө В.Пасильяс “Би “King Tug”- тэй хийх тулаанд бие, сэтгэл зүй, бодол санаагаа бүрэн бэлдсэн. Рингэнд гармагцаа л түүнд гайхалтай тулаан харуулна. Миний хувьд хамгийн сайн тулаануудаа 57.2 кг-ын жинд үзүүлсэн. Энэ жинд маш хүчтэйд тооцогдоно. Яг одоо өмнө нь хэзээ ч байгаагүйгээр ялалтаар “цангаж” байна” хэмээн өгүүлжээ. Тэгвэл Н.Төгсцогт “Түүнтэй тулалдах сайхан боломж олдож, рингэнд дахин гарах гэж буйдаа сэтгэл хөдөлж байна. Бидний тулаан ширүүн болно. Хөгжөөн дэмжигчдэдээ сонирхолтой, гайхалтай тулаан үзүүлэхийг зорьж байгаа. Тулаан эхлэх анхны хонхны дуунаас л гал гарах байх. Энэ “дайнд” өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Тэдний тулаан Нью-Жерси мужийн Атлантик Сити хотын “Borgata hotel & Casino, spa” цогцолборт болох юм. Энэ өдрийн гол тулаан нь WBC-ийн 57.2 кг-ын дэлхийн аварга Гэри Рассель (31 ялалт, нэг ялагдал) болон Филиппиний Марк Магсайо (23-0) нарын хооронд болно. Г.Рассель 2020 оны хоёрдугаар сард Н.Төгсцогттой тулалдаж аваргын бүсээ хамгаалснаас хойш мөн л тулаан хийгээгүй. Үүнээс гадна домогт аварга Эвандер Холифилдын хүү Эван Холифилд (8-0) Крис Роллинстой дэвжээнд тулалдана. Тэд Гэри Рассель, “King Tug” нарын өмнө тулалдах юм. Тулаануудыг АНУ-ын “Showtime” суваг шууд дамжуулна.