Коронавирусийн вакцин хийлгэсэн, эсэх талаараа тодорхой мэдээлэл өгөөгүйн улмаас дэлхийн номер нэг теннисчин Н.Жокович энэ тал дээр шалгуур, шаардлага өндөртэй Австралид очих нь бүү хэл, “Австралийн нээлттэй тэмцээн”-д оролцох, үгүй нь хэсэг хугацаанд тодорхойгүй байв. Гэвч тэрбээр өнгөрсөн долоо хоногт ногоон тивд хүрэлцэн ирж тус улсын эрх бүхий хүмүүстэй “дуэль” хийсний дүнд Австралид үлдэх эрхтэй болсон билээ. Шүүх түүний визийг сэргээсэн бөгөөд дөрөв хоногийн туршид зочид буудалд өөрийгөө тусгаарласан серб тамирчин энэ жилийн эхний том тэмцээний бэлтгэлээ базаах боломж ерөнхийдөө бүрдсэн юм.
Гэвч Австралийн хууль сахиулагчид бууж өгөхгүй бололтой. Онолын хувьд нэрт тамирчныг улсаасаа шүүхийн оролцоогүй хөөх эрх Цагаачлалын сайд Алекс Хоукт байгаа талаар тус улсын зарим хэвлэлд мэдээлж эхэллээ. Учир нь Н.Жоковичийн эсрэг шинэ “нотлох баримтууд” гарч ирсэн гэнэ.
Тэрбээр визийн мэдүүлэг бөглөхдөө Мельбурнд ирэхээс 14 хоногийн өмнө очсон бүх улсынхаа нэрийг бичээгүй аж. Энэ нь визийг цуцлах, эсвэл “худал, төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн” үндэслэлээр нэг жил шоронд хорих үндэслэл болох юм.
Н.Жокович Австралийн хилийн албанд өгсөн мэдүүлэгтээ Мельбурнд ирэхээс өмнө Дубайгаар дамжин Испаниас ирсэн гэж бичсэн аж. Арванхоёрдугаар сарын 22-ноос хойш өөр улсад очоогүй гэсэн үг. Гэтэл нийгмийн сүлжээн дэх хуудсанд түүнийг арванхоёрдугаар сарын 25-нд гандболчин П.Жоржичийн хамтаар Белград хотод болсон олон нийтийн арга хэмжээнд оролцсон мэдээлэл, гэрэл зураг бий юм. Өөрөөр хэлбэл, Н.Жокович Австралид ирэхээсээ өмнө дор хаяж Сербээр орсон бололтой.
Ингэлээ гээд Австралийн хилчид түүнийг улсдаа оруулахгүй гэж шийдвэрлэх байсан нь юу л бол. Харин санаатайгаар төөрөгдүүлсэн, худал мэдээлэл өгсөн гэж үзэх боломжтой. Энэ нь Австралид адал явдалтай тулгараад буй серб тамирчнаас “өө хайх” сайхан боломж юм.
Эцэст нь өгүүлэхэд, хэрэв Н.Жокович ирэх долоо хоногт эхлэх “Австралийн нээлттэй тэмцээн”-д оролцож түрүүлбэл 21 дахь “Их дуулга” цомоо хүртэн түүхэн дэх хамгийн өндөр амжилттай эрэгтэй теннисчин болно.