Авто, мото спортын тамирчдын хурд сорьдог “Дакар ралли-2022” уралдаан Саудын Арабын нутаг дэвсгэрт үргэлжилсээр. 44 дэх удаагаа зохион байгуулж буй уг уралдаанд Монголын тамирчид элсэн манхны хад, чулуутай амаргүй замыг эр зориг, тэсвэр хатуужлаар даван туулж, урагшилсаар байна. Ес дэх өдрийн гараанд мотоциклын төрөлд 109 дугаартай ОУХМ Н.Лхамаа 87, 161 дугаартай Б.Баттөр 118 дугаар байрт оржээ. Автомашины SSV ангилалд 466 дугаартай уралдсан “Аянга” багийн жолооч Г.Аранзал, чиглүүлэгч Г.Тэмүүжин нар 491 км замыг дөрвөн цаг 57 минутад туулж, 40 дүгээр байрт жагсан, бариандаа торгуулийн цаггүй бичигдэж байна.