Үндсэн Хуулийн 30 жилийн ойг тохиолдуулан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг, орон нутгийн 331 сумдаас шалгарсан эрэгтэй 80, эмэгтэй 33 шатарчин шигшээ тоглолтод өрсөлдөж, шилдгүүдээ тодруулав.
Оюуны их спортод аймаг, орон нутгаа төлөөлөн оролцсон нас насны тамирчид авьяас билиг, ур ухаанаа сорьсноос, нийт 8 өргийн дараах онооны байдлаар медальтнууд, тусгай байр, ахмад шатарчид, чансааны шагнал зэрэг төрлүүдээр шагнаж урамшуулсан юм.
Энэ жилийн хувьд эмэгтэйчүүдийн ангиллын тэргүүн байранд ХУД-ийн шатарчин Г.Санчирдулам (6.5 оноогоор), дэд байранд Өвөрхангай аймгийн шатарчин Г.Батчимэг (6.5 оноогоор), гуравдугаар байранд Орхон аймгийн шатарчин Г.Хулан (6 оноогоор) нар тус тус шалгарав.
Харин эрэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байрыг Говьсүмбэр аймгийн шатарчин Э.Түвшинтөгс (7 оноогоор), дэд байрыг УИХ-ын нэрийн өмнөөс оролцсон шатарчин С.Санждорж (6.5 оноогоор), гуравдугаар байрыг Архангай аймгийн шатарчин Б.Доржсүрэн (6.5 оноогоор) нар тус тус эзэллээ.
Сонирхуулахад, оролцогчдын тоо өнгөрсөн жилийнхээс 8 хувь өсчээ. Нийтдээ давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч өрсөлдсөн байна.