UFC-ийн хувьд 2021 он нь Хабиб, Макгрегорын эхний тулаан болсон 2018 оноос хойших хамгийн өндөр амжилттай жил болж өнгөрлөө.
Өнгөрсөн онд хэдий дээр дурдсан шиг асар чухал тулаан болоогүй ч тус холбоо телевизийн төлбөртэй захиалгын тоогоор дээд амжилт тогтоожээ. 2021 онд UFC нийт 8.6 сая PPV (pay-per-view) захиалга авсан агаад үүнд К.Макгрегор хоёр тулаанд оролцсон, хэд хэдэн тэмцээнийг 700-800 мянган хүн үзэж борлуулалтын өндөр амжилт үзүүлсэн нь нөлөөлсөн байна.
Ингээд тус холбооны “хэтэвч”-тэй холбоотой дотоод асуудлаас хазайж, октагонд анхаарлаа хандуулъя.
ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН
2021 онд Г.Тейшейра, К.Усман хэмээх хоёр тулаанч гайхалтай түүхийг бүтээсэн. Тодруулбал, Гловер тус холбооны хамгийн ахмад аваргын насны дээд хязгаарыг таван жилээр ахиулсан бол Усман 15 дараалан ялалт байгуулсан юм. Гэхдээ Г.Тейшейрад ч мөн ийм урт ялалтын цуврал (хэдий ихэнх ялалтаа 2021 оноос өмнө байгуулсан ч) бийгээс гадна өнгөрсөн оны цор ганц тулаан нь түүхэнд үлдэхээр ач холбогдолтой гэдгээрээ хамаагүй давуу талтай. Өөрөөр хэлбэл, тэрбээр 42 насандаа аварга болсон нь энэ спортын үүднээс авч үзвэл зуунд нэг тохиох амжилт юм. Ингэснээр Гловер өнгөрсөн онд холимог тулааны спортыг эгнэгт өөрчилж чадлаа.
ОНЫ ШИЛДЭГ ТУЛААН
Өндөр хэмнэлтэй, “шатрын нүүдэл” хийсэн, хэн хэн нь бүдүүлэг алдаа гаргаагүйн дээр хэн нь ч илт давуу байж чадаагүй нягт тулаан Петр Ян, Кори Сэндхагены хооронд өрнөв. Драм, өрнөлөөрөө олны ам дамжин яригдах хэмжээнд хүрэхгүй ч цэвэр спортын үүднээс авч үзвэл сонгодог гэсэн тодорхойлолтод дөхөж очих тулаан байлаа.
Түүнчлэн аварга цолны төлөөх 2021 оны хамгийн сонирхолтой тулаан Александр Волкановски болон Брайан Ортегагийн хооронд болсон. Хурц үйл явдлаар дүүрэн уг тулааныг хоёр жинд дэлхийн аварга болж байсан Д.Кормье “хагас хөнгөн жингийн түүхэн дэх хамгийн шилдэг аваргын төлөө тулаан” гэж нэрлэсэн юм.
ШИЛДЭГ НОКАУТ
Энэ төрөлд Серхио Петтис, Кэжи Хоригүчи болон Кори Сэндхаген, Фрэнки Эдгарын тулааныг нэрлэж болно.
ЭРГЭН ИРЭЛТ
UFC-ийн хүнд жин урьд хожид байгаагүй сонирхолтой болсон. Тиймээс бүх тамирчныг нь энэ төрөлд хамруулан “шагнаж” болох биз ээ.
ОНЫ ОНЦЛОХ СТАТИСТИК
Франсис Нганну-UFC-ийн түүхэнд хамгийн хурдан буюу 13 тулаандаа 10 удаа нокаутаар ялалт байгуулсан. Мөн тэрбээр 13 тулааны турш нокдаунд ороогүй амжилтаар тус холбооны дээд амжилтыг үргэлжлүүлсээр байна.
Гловер Тейшейра-UFC холбооны аваргын бүсийг анх удаа хүртсэн хамгийн ахмад (42 нас) тамирчин.
Камару Усман-Анх удаа дабль-дабль хийсэн тулаанч. Тодруулбал, тэрбээр 50 тейкдаун, 10 нокдауны эзэн болоод байна.
Андре Мунис-гурван тулаан дараалж өчих мэхээр ялсан UFC-ийн түүхэн дэх анхны тулаанч.
Чарльз Оливейра-Тус холбоонд хамгийн олон удаа сабмишенээр ялсан тамирчны цувралаа 15 болгож нэмэгдүүллээ.
Макс Холлоуэй-Я.Родригесийн эсрэг тулааны үеэр толгойдоо 1100 дахь хүчтэй цохилтоо авсан ч тэрбээр өнөөг хүртэл нэг ч удаа албан ёсоор нокаут бүү хэл, нокдаунд ороогүй байна.
Жон Жонс-Мэргэжлийн холимог тулаанч болсноосоо хойш жилийн турш нэг ч тулаанд оролцсонгүй.
Ислам Махачев-Дунджаар 0.79 хүчтэй цохилтод өртөж буй нь UFC-ийн түүхэнд хамгийн цөөнд тооцогдож байна.
Фил Дэвис-Хагас хүнд жинд хамгийн олон буюу 29 тоглолтод цэвэр ялагдаагүй явна. Тэрбээр өдгөө 36 настай.
Петр Ян-Нийт есөн тулаанд оролцохдоо 10 нокдаун хийсэн. UFC-ийн түүхэнд И.Адесанья л (долоон тулаанд 10 нокдаун) энэ үзүүлэлтээр түүний өмнө бичигдэж буй.
Макс Холлоуэй-Арваннэгдүгээр сарын 13-нд Я.Родригесийг ялснаар 30 наснаасаа өмнө 19 ялалт байгуулсан анхны тулаанч болов. Ж.Жонс, Д.Порье тус бүр 16 удаа ялсан.
Сирил Ган-Мэргэжлийн холимог тулааны дэвжээнд 10-хан удаа гарсан ч UFC-ийн аварга болов.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар