Өвлийн олимпын XXIV наадам эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдлээ. 2022 оны хоёрдугаар сарын 4-20-нд Бээжинд болох уг олимпод 95 орны 4000 гаруй тамирчин, долоон спортын (биатлон, бобслей, керлинг, хок кей, тэшүүр, цанын төрлүүд, чарга) 15 төрөлд 109 цогц медалийн төлөө өрсөлдөх нь. “Бээжин-2022” өвлийн олимпын уулын цана, бобслей, скелетоны төрөл Бээжингийн дагуул хот болох Яньцинд, харин Бээжингээс 180 км зайд орших (цагт 350 км хурдлах чадалтай хурдны галт тэрэг энэ хооронд 40-50 минут явна) Хэбэй мужийн Жанчхүү (Хаалган хот ч гэдэг)-д гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, трамплин, биатлон, фристайл, сноубордын төрлийн тэмцээн явагдах юм. Бээжинд өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, тэшүүр, шорт-трек, уран гулгалт, хоккей, керлингийн тэмцээн болно.
Нээлт, хаалтын ёслолын ажиллагаа “Бээжин-2008” зуны олимпын гол цэнгэлдэх “Шувууны үүр”-т болох бөгөөд тус хот нь зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан анхны хот болох юм. 2008 оны зуны олимпод 43 тэрлийн олимпын төсөв ердөө 3.9 тэрбум “ногоон” гэгдэж буй. Учир нь спортын уралдаан, тэмцээн болох ордон, цэнгэлдэх, байгууламж нь өмнө ашигласан болон хуучин ордноо шинэчлэн зассан, шинээр дөрөвхөн байгууламж барьсан нь тэшүүрийн ордон, чарга, бобслейн зам, трамплин харайлтын цогцолбор, уулын цанын зам. Цар тахлын үед зохион байгуулах тул хатуу, нарийн чанд дэглэмд олимп явагдана гэдгийг зохион байгуулагчид эртнээс сануулсан. Одоогоор гадаадын үзэгч, хөгжөөн дэмжигчдийг оруулахгүй, зөвхөн эх газрын үзэгчдийг тодорхой шалгуурын дагуу уралдаан тэмцээнд оруулах яриа бий. Нөхцөл байдлаас шалтгаалаад яаж ч өөрчлөгдөж болно.
Олимпод оролцох баг тамирчид, шүүгчид, албаны хүмүүс вакцинд бүрэн хамрагдсан байх, хэрэв вакцины тунд бүрэн хамрагдаагүй бол хэн ч байсан 21 хоногийн тусгаарлалтад байх журамтай. Өвлийн олимпын хамгийн үзүүштэй спортын төрлийн нэг болох хоккейн тэмцээнд хамгийн хүчирхэг лиг болох NHL ковидын нөхцөл байдлаас шалтгаалан тамирчдаа оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн. Мөн АНУ, Австрали, Их Британи, Канад, Шинэ Зеланд, Япон, Бельги, Австри, Косово, Литва зэрэг улс дипломат бойкот (баг тамирчид нь оролцох ч төр засгийн төлөөлөгчид оролцохгүй) зарласан ч энэ нь ёс төдий хэрэг. Угаасаа цар тахлын улмаас “Токио-2020” олимпод ч улс төр, төр засгийн төлөөлөгч, дагалдах зочдыг хязгаарлаж байсан. “Бээжин-2022” энэ тал дээр бүр хатуу хязгаар тогтоохоо мэдэгдээд буй.
МОНГОЛ
Монголын баг тамирчид 1964 оны Инcбрукийн өвлийн олимпод анх оролцсон түүхтэй. 1976 оны өвлийн олимпоос бусад бүх олимпод тамирчдаа оролцуулсан. Манайхан биатлон, тэшүүр, гүйлтийн цана, шорт-трекийн төрөлд оролцож, 2002 оноос хойш дөрвөн олимпод гүйлтийн цанын төрлөөс өөр төрөлд тамирчин оролцуулж чадахгүй байгаа.
ЦАНА
Уламжлал ёсоор гүйлтийн цанын төрөлд манай нэг эрэгтэй, нэг эмэгтэй тамирчин “Бээжин-2022” өвлийн олимпод оролцох болзол хангасан. Энэ төрөлд эрэгтэй 148, эмэгтэй 148 , нийт 296 тамирчин өрсөлдөнө. Нэг улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр найм буюу нийт16 тамирчин дээд тал нь оролцуулах боломжтой. Норвег, ОХУ, Шведийн баг 16 цаначин сойх эрх авсан. Монголын цаначид ОУЦХ-ны чансаанд 45-д эрэмбэлэгдэж 18 оноотой яваа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг цаначин оролцуулах квоттой. Эрэгтэй нь Батмөнхийн Ачбадрах. Энэ улиралд Олон улсын цанын холбооны тэмцээнд 98.93 оноог Монголын цаначдаас анх авсан. Тэрбээр 2018 оны олимпод оролцсон, энэ удаа ч улсаа төлөөлж уралдана. Олон улсын цанын онооны жагсаалт энэ сарын 17-нд гарна. Манай цанын шигшээ багийн тамирчид Европод бэлтгэлээ базааж байгаа. Швейцарт “Tour de lenzerheide” урьдчилсан уралдаанд Б.Ачбадрах, А.Энхтуул нар өнгөрсөн сарын 28-нд оролцсон.
ТЭШҮҮР
Олимпын наадамд Монголын тэшүүрчид 1992 онд оролцсон. Энэ удаа олимпын оноо олгох Дэлхийн цомын дөрвөн гарааны гуравт нь (Польш, АНУ, Канад ) Ялалтын Зоригтбаатар, Алтан-Очирын Зул нар масс гараанд оролцсон. Дэлхийн цомын нийлбэр дүнгээр Я.Зоригтбаатар 34 оноотой 50, А.Зул 72 оноотой 34 дүгээрт эрэмбэлэгдсэн. Австрийн Ставангерт болсон хоёр дахь гараанд оролцоогүй нь манай тэшүүрчдийн нийлбэр оноонд мэдээж нөлөөлөв. Олимпын тэшүүрийн масс гараанд Дэлхийн цомын оноогоор эхний 24-т орсон тамирчин олимпын эрх авч байгаа. Гэхдээ нэг улсаас хоёр тамирчин оролцох ёстой. Эхний 24-ийн дараа бичигдсэн найман тэшүүрчин нөөц жагсаалтад багтана. Манайхаас А.Зул R3 буюу нөөц тамирчдын гуравт бичигдсэн гэсэн үг. Боломж гарч болох л юм.
БИАТЛОН
Манай биатлончид 1964, 1968 оны олимпод оролцсон. Гэвч энэ спорт манайд мартагдаж, олон жил болов. Сүүлийн жилүүдэд Монголын биатлоны холбоо сайн ажиллаж, шигшээ багаа бүрдүүлэн олимпод оролцуулах зорилго тавьж, тэмцээнд тасралтгүй оролцуулснаар амжилт нь ахисан. 2020 оны Лозанны залуучуудын олимпод Монголын тамирчид чамлахааргүй амжилт гаргасан билээ. Түүнээс хойш урт хугацааны цугларалт, бэлтгэлд гарч, гадаадын өндөр зэрэглэлтэй дасгалжуулагч ажиллуулж, биатлоны ДАШТ, Дэлхийн цомын тэмцээнд оролцож, спорт сонирхогчдод итгэл, найдвар төрүүлэх болсон. Энэ улиралд манай биатлончдын нэгдүгээр багт эрэгтэйчүүдээс Э.Энхсайхан, Ц.Адьяажаргал, О.Гантулга, эмэгтэйчүүдээс Э.Ариунтунгалаг, М.Должинсүрэн, Т.Ариунболд нар багтаж, Дэлхийн цом, “IBU cup”-д оролцож, олимпын оноо цуглуулж байгаа. Манайхан одоо Оберхоф, Рупольдингийн Дэлхийн цомын тэмцээнд өрсөлдөнө. Олимпын босго оноо 150-иас доошгүй байх ёстой. Манайхаас Э.Энхсайхан 137 оноотой яваа. “Бээжин-2022” өвлийн олимпын биатлоны төрөлд 105 эрэгтэй, 105 эмэгтэй, нийт 210 биатлонч ур чадвараа сорино.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин