Авто, мото спортод хурд сорих дуртай эрчүүдийн эр зориг, ур чадвар, тэсвэр хатуужлыг шалгадаг алдарт “Дакар ралли-2022” уралдаан Саудын Арабын баруун хойд хэсэгт оршиx Хаиль хотод энэ сарын 2-нд эхэлсэн. 44 дэх удаагийн уралдаанд Монголоос мотоциклын төрөлд ОУХМ Н.Лхамаа 109, Б.Баттөр 161, SSV ангилалд Г.Аранзал, Г.Тэмүүжин нар 466 дугаартай хурд сорьж байна. Мотоциклын ангилалд өрсөлдөж буй Н.Лхамаа өмнө нь 2013, 2014, 2015, 2019 онд уг уралдаанд оролцсон туршлагатай. Хүн бүр хурд сориод байдаггүй тус уралдааныг зохион байгуулагчид цар тахлын дэгдэлтээс сэргийлж олон улс, хот дамжин явуулахаас татгалзаж, тус улсад гурван жил зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Саудын Арабын баруун хойд хэсэгт оршиx Хаиль хотоос уралдаанаа эхлүүлсэн тамирчид 8000 гаруй км зам туулан Жедда хотод энэ сарын 14-нд барианд орох нь. Уралдааны үеэр зохион байгуулагчид энэ жилээс “T1-E” төрлийн буюу электрон хөдөлгүүрт автомашин, мотоцикл, ачааны машин, дөрвөн дугуйтыг нэвтрүүлэхээр зорьж, 2030 оноос шаталтат хөдөлгүүр бүxий нүүрстөрөгчийн ялгаралт ихтэй автомашиныг оролцуулахгүй болсноо мэдэгджээ.