Эцэг, эх нь үр хүүхдэдээ янз бүрийн нэр өгдөг.
Захчин Баатаржавынх долоон хүүхдийнхээ нэгэнд Шоовдор нэр хайрлажээ. Ийм нэрнээс болоод амьдрал ахуй дордсон хүнийг би мэдэхгүй л дээ. Харин Шоовдор нэртэй алдарт тамирчин байсан юм сан.
Уншигч та бүхэн ч Цээ-Оргийн Шоовдор гавьяатыг мэдэх биз ээ.
Чухамхүү түүний спортын амжилтаар бахархдаг айл охиндоо нэрийг нь өгсөн байхыг ч үгүйсгэх аргагүй.
Баатаржавын Шоовдор бөхийн чөлөөт барилдаанаар хичээллэж зүтгэсээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс одоогоор гурван медаль авчихаад байна.
Авчихаад гэж бичихэд амархан, ганцхаан үг бичиж байна л даа. Харин дэлхийн сайчуултай эх орныхоо нэрийг дуудуулсаар хүчтэний хүчтэнийг дийлсээр медаль авах амаргүй ээ. Амаргүйг мэддэг спортын холбоод төр, засагт тийм тамирчныг зүй ёсоор үнэлж тэрхэн дор нь гавьяат алдар цолоор мялаасаар ирсэн уламжлал бий сэн.
Тэгвэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нэг биш, бүр гурван медаль авчирсан Шоовдорыг яагаад шагнаж урамшуулдаггүй юм бол доо. Нэрнээс нь болдог гэж спортын сэтгүүлчийн хувьд би бодохгүй байна.
Яагаад гэвэл Шоовдор нэртэй гавьяатын тухай ном хүртэл бүтээлцэж явсны хувьд. Тамирчдыг шагнаж урамшуулдахдаа царай зүсийг нь биш, бас эд хөрөнгийг нь биш, мөн гарал үүсэл, нутаг нугыг нь биш, спортын амжилтыг үнэлж шийддэг уламжлал юу болж байна вэ.
Юу болж байна вэ, та минь.
Дэлхийн дэвжээнээс нэг л медаль аваад гавьяат болсон тамирчид цөөнгүй шүү дээ.
Тэгэх л ёстой баймаар шүү. Тэгвэл нэг биш, дээр бичсэнчлэн бүр гурван сайхан медальтай Шоовдор юу бодож явдаг бол. Дэлхийн гурван медаль жин дарахгүй байвал бас Ази тивийн тэмцээнээс авч ирсэн дөрвөн медальтай тамирчин юм аа, Шоовдор.
Эдгээр баримтыг эргэцүүлэн бодсоор “Шоовдорлоод яах нь вэ” гарчиг сонголоо. Шударга ёс ялан дийлэх болтугай.
Бэлтгэсэн Р.Чулуун