Монголын волейболын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг-2021” аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд бүтэн сар үргэлжилж, өнгөрсөн амралтын өдөр өндөрлөлөө. Энэ жилийн лигт эрэгтэйчүүдийн долоо, эмэгтэйчүүдийн зургаан багийн тамирчид оролцож, алтан медаль, аваргын цомын төлөө өрсөлдсөн. Эрэгтэйчүүдийн багаас аваргын төлөө Р.Тамираа ахлах дасгалжуулагчтай, Ц.Цэрэнбаатар ахлагчтай “Натур мед ноён”, Л.Баатархүрээ дасгалжуулагчтай, А.Даваажаргал ахлагчтай “Хасу мегаватт MGL”-ийнхэн тоглосон юм. Эмэгтэйчүүдээс С.Дэлгэрмаа, Т.Ундармаа дасгалжуулагчтай, Г.Энхнаран ахлагчтай “Хилчин”, Г.Баярсайхан дасгалжуулагчтай, Л.Хосбаяр ахлагчтай “Хобби эйс” багийнхан гал гарсан тоглолт өрнүүлэв. Энэ жилийн лигийн тоглолтод өмнө нь түрүүлснээс өөр багийхан аваргалах нь тодорхой болсон нь спорт сонирхогчдын анхаарлыг хамгийн их татаж байлаа. Эрэгтэйчүүдээс “Натур мед ноён” багийнхан аваргаар тодров. Эмэгтэйчүүдээс “Хилчин”-ийхэн “Хобби эйс” багийнхныг буулган авч алтан медаль, аваргын цом, 15 сая төгрөг гардсан юм. Хүрэл медалийг эрэгтэйчүүдээс Б.Даринчулуун дасгалжуулагчтай, З.Цэнд-Аюуш ахлагчтай “Эрчим”, эмэгтэйчүүдээс Б.Хэрлэн дасгалжуулагчтай, П.Энххүслэн ахлагчтай “Энагурэ” багийнхан хүртэв. “Үндэсний дээд лиг-2021” тэмцээний “Шилдэг дасгалжуулагч”- аар С.Дэлгэрмаа (Хилчин), Р.Тамираа (Натур мед ноён) нар тодорчээ. Шилдэг довтлогчоор Г.Хонгорзул (Хобби эйс), Э.Энх-Амгалан (Натур мед ноён), шилдэг холбогчоор Л.Хосбаяр (Хобби эйс), М.Мөнхсайхан (Хасу мегаватт MGL) нар шалгарав. Шилдэг давуулагчаар Д.Түмэнцэцэг (Энагурэ), Б.Баярсайхан (Хасу мегаватт MGL), шилдэг хаагчаар П.Энххүслэн (Энагурэ), Б.Батсуурь (Эрчим) тодров. Шилдэг хамгаалагчаар Д.Сосорбурам (Хилчин), З.Буянжаргал (Хасу мегаватт MGL) нар шалгарлаа.