Олон улсын шатрын холбооноос зохион байгуулдаг ДАШТ-ий цолны төлөөх халз “тулаан” АНЭУ-ын Дубай хотод болж, шатрын 16 дахь аварга, Норвегийн их мастер Магнус Карлсены ялалтаар өндөрлөв. Тоглолтын 11 дэх өрөгт тэрбээр өрсөлдөгч, ОХУ-ын их мастер, Европын аварга, багийн ДАШТ-ий хошой аварга Ян Непомнящийг хараар тоглон хожиж, 7.5: 3.5 оноогоор (дөрвөн өрөгт ялалт байгуулсан) гурван өргийн өмнө дэлхийн аварга цолоо дөрөв дэх удаагаа хамгааллаа. 2004 онд 13 настайдаа их мастер болсон Магнус Карлсен 2013 онд анх Энэтхэгийн их мастер Вишванатан Анандыг хожиж, дэлхийн аварга болсон юм. 2014 онд В.Анандыг, 2016 онд ОХУ-ын их мастер Сергей Карякин, 2018 онд АНУ-ын их мастер Фабиана Каруанаг ялж, дэлхийн аварга цолоо хамгаалсан. Шатрын хааны титмийг Карлсен 2023 он хүртэл зүүх нь тодорхой болов. Шатрын хаан ширээнд 10 жилээс дээш заларсан шатарчин түүхэнд ердөө дөрөв байдаг. Үүнээс тасралтгүйгээр титмээ хамгаалсан нь 1894-1921 онд дэлхийн аварга цолыг эзэмшсэн Германы Эмануэль Ласкер, 1975- 1985 оны дэлхийн аварга ЗХУ, ОХУ-ын домогт их мастер Анатолий Карпов юм. Завсартайгаар 10-аас дээш жил дэлхийн аварга байсан нь ЗХУ, Францын Александр Алехин, ОХУ-ын Михайл Ботвинник нар. М.Карлсен энэ удаа ийм домгуудын эгнээнд бичигдлээ.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин