Шинэ дэлхийн аварга төрсөн нь Холландын нисгэгч, “Ред булл” багийн Макс Ферстаппен. Тэрбээр АНЭУ-ын Абу Даби хотод болсон энэ жилийн “Формула-1” уралдааны ДАШТ-ий сүүлчийн буюу 22 дахь гараанд түрүүлж, дэлхийн аварга цолыг 24 насандаа хүртлээ. Хэдийгээр нас залуу ч “Формула-1”-д долоо дахь жилдээ уралдаж байгаа тамирчин юм. Макс Ферстаппен ёстой л “Тостой жолоочийн” гэр бүлд төрсөн, багаасаа л бензинээр “амьсгалсан” нэгэн. Аав Йос нь “Формула-1” уралдааны нисгэгч, “Бенеттон” багт уралддаг байсан бол ээж Софи Кумпен нь картингийн жолооч, “Ф-1” уралдааны дэлхийн аварга Женсон Баттон, өнөөгийн “Ред булл” багийн босс Кристиан Хорнер нартай хурд сорьж явсан бельги бүсгүй. Макс хүү найман настайдаа картинг уралдаанд оролцож, 23 удаа түрүүлж байжээ. 16 настайдаа “Формула-3” уралдаанд хурд сорьж, 33 уралдааны 16-д нь шагналын тавцанд зогсон, “Формула-1” уралдааны мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.
Жилийн дараа 17 настайдаа дэлхийн хамгийн хурдан, хамгийн том авто уралдаан “Формула-1”-ийн нисгэгч болсон түүхтэй. Тэрбээр бороотой үед галзуу уралддаг, эрсдэлтэй дайралт, элдэв хэл аманд байнга ордог. Шинэ дэлхийн аварга жил гаруйн өмнө монголчуудын тухай таагүй үг хэлж (бэлтгэлийн үед замыг нь хаан мөргөлдсөн Канадын нисгэгч Ланс Строллыг “Тэнэг монгол” хэмээн хараасан) манай авто спорт сонирхогчид төдийгүй иргэдийн дургүйцлийг төрүүлж, сүүлдээ уучлалт гуйж, тайлбар хийснийг та бүхэн санаж байгаа биз ээ.
Төгсгөлд нь хэлэхэд, энэ жилийн “Ф-1” уралдааны ДАШТ сүүлийн хэдэн жил байгаагүй сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. 72 дахь удаагийн тэмцээний сүүлчийн гарааны (22 гараатай) хамгийн эцсийн тойрогт (58 тойрог) шийдэгдсэн гээд л бод доо.
ДАШТ-ий цувралын дүнгээр төдийгүй Абу Дабигийн Яс хэмээх хиймэл аралд болсон уралдааны явцад Их Британийн алдарт нисгэгч Льюис Хэмилтон уралдааныг хошуучилж явсан ч Макс Ферстаппен сүүлчийн тойрогт Льюисийг гүйцэж түрүүлэн Хэмилтонд найм дахь түрүүг авахад нь “шавар хаалаа”.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин