Тун саяхандаа, “Нью-орлеан пеликанс” багийн довтлогч Зайон Уильмсоныг NBA-ийн хамгийн ирээдүйтэй тоглогч, хэдэн үедээ тодрохгүй сод авьяастан гэж нэрлэж байлаа. Гэвч сүүлийн хоёр жилд залуу тоглогч супер одын түвшинд огтхон ч ойртож чадсангүй. Харин ч эсрэгээрээ. Энэ улирлын нэг ч тоглолтод оролцоогүй Зайон сагсан бөмбөг сонирхогчдын ярианы сэдэв болоод эхэллээ. Гэхдээ түүнийг магтан сайшааж бус, илүүдэл жингийнх нь төлөө буруушааж байна.
Мэдээж Зайон анхнаасаа л том бие, хүнд жингээрээ олны анхаарлыг татсаар ирсэн. Тухайлбал, NBA-д анх элсэхдээ тэрбээр 129 кг жинтэй, 198 см өндөртэй байв. Ийм супер бие галбиртай залууг тухайн үед спорт сонирхогчид бүгд л шагшран угтаж авсан юм.
Харин одоогийн Зайоныг харвал хоёр жилийн өмнөх бахархал оргүй хийсэн одно. Тэрбээр хамгийн сүүлд энэ оны тавдугаар сард талбайд гарсан. Зун нь баруун хөлөө гэмтээсний улмаас мэс засалд орж, тэрхүү гэмтлээ илааршуулж буй агаад энэ улирлын эхэнд талбайдаа эргэн ирнэ гэсэн хүлээлт байв. Гэсэн атал залуу тоглогчийг аравдугаар сард гүйлтийн бэлтгэл хийхийг нь эмч нар хориглосон. Арваннэгдүгээр сарын сүүлчээр контакттай бэлтгэлд орсон ч хөлний өвдөлт нь намдсангүй. Энэ мэт шалтгааны улмаас Зайон хэзээ талбайдаа эргэн ирэх, тэр ч бүү хэл энэ улиралд тоглох, эсэх нь эргэлзээтэй боллоо.
Яагаад ингэж хэлж байна гэвэл өнгөрсөн долоо хоногт тэрбээр багаа “Хьюстон рокитс”-той тоглохыг ордонд ирж үзсэн юм. Энэ үеэр Зайоны зургийг сэтгүүлч С.Хэлвик авч, твиттер хуудсандаа байршуулсныг нь харсан спорт сонирхогчид уулга алдан гайхсан билээ. Тодруулбал, тэд түүний жин нэмснийг нь анзаарсан хэрэг.
“Энэ тоглогчийг Зайон гэдэгт итгэхийг ч хүсэхгүй байна. Солиормоор юм” гэж америк хөлбөмбөгийн тоймч Д.Клэр хэлжээ. Түүнчлэн С.Хэлвикийн жиргээний доор “Энэ залуугийн өмнөөс би айж байна”, “Луизианагийн хоол түүнд үр дүнгээ өгөхгүй байна”, “Тэр өөрийгөө яагаа вэ? Тэр дор хаяж 145 кг байх” гэх зэрэг сэтгэгдэл хөвөрчээ.
NBA-ийн ирээдүй гэгдэж буй 21 настай залуу тоглогч ийн жин нэмснийг гэмтлээ эдгээх хугацаандаа байнгын бэлтгэл тун бага хийж байсантай холбон тайлбарлаж болох юм. Гэхдээ л 2019 оны драфтын тэргүүн сонголт, мэргэжлийн тамирчин хүн биедээ анхаарал тавьж, жингийн асуудлаа зохицуулах ёстой. Тамирчин хүний хамгийн үнэтэй зүйл болох бие махбодоо хайрлахгүй бол олон сая ам.долларын цалин авч буйн хэрэг ч үгүй юм.
Магадгүй тэрбээр талбайд гарах хугацаа нь дөхөхөөр жингээ хасах биз ээ. Гэхдээ л гэмтэлд өртөмхий Зайон NBA-ийн урт улирал, тоглолт бүрийн өндөр ачааллыг дааж гарахын тулд биедээ илүү хайр гамтай хандах ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй юм. Тэрбээр лигт элссэн цагаасаа хойш “Пеликанс”-ын төлөө 170 тоглолт
од оролцох ёстойгоос ердөө 85-д нь талбайд гарчээ.Энэ улиралд ч илүүдэл жин, хөлний гэмтэл гэсэн шалтгаанаар олон тоглолт өнжсөөр байвал гайхах хэрэггүй болох нь.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар