Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны 57.2 кг жингийн дэлхийн аварга, мэргэжлийн рингэнд 14 тулаан хийн 12 ялж, хоёр ялагдсан амжилттай “King Tug” хэмээх Н.Төгсцогт ирэх оны нэгдүгээр сарын 22-нд рингэнд дахин гарч, ээлжит тулаанаа хийх нь. Тэрбээр өнгөрсөн долдугаар сард WBA-холбооны 58.9 кг-ын жингийн Interim champion буюу аваргын бүсийг түр эзэмшигч Крис Колберттой аваргын бүсийн төлөө тулалдаж оноогоор ялагдсан. Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч нь АНУ-ын боксчин, 29 настай Виктор Пасильяс. Тэрбээр 10 жилийн өмнө мэргэжлийн бокст орж, нийт 17 тулаан хийхдээ 16 ялж, нэг ялагдсан амжилттай яваа юм. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард WBA холбооны түр аваргын бүсийн төлөө тулалдан ТКО-оор ялагдсанаас хойш рингэнд дахиж гараагүй. Тэгвэл түр аваргын бүсийн төлөөх тулаанд ялагдсан хоёр боксчин ийн тулалдахаар болжээ. Хэн ялсан нь хойшид аварга цол, бүсний төлөө тулалдахад ойртох юм.
Мэргэжлийн боксчдын ярьж буйгаар гол тулаан нь WBC-ийн 57.2 кг-ийн жингийн дэлхийн аварга “Бага” Гэри Рассель болон Филиппиний Марк Магсайо нарын хооронд болно. Г.Рассель Н.Төгсцогттой өнгөрсөн жилийн хоёрдугаар сард тулалдаж аваргын бүсээ хамгаалснаас хойш нэг ч тулаан хийсэнгүй.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин