Монгол тамирчин Ш.Энхийн-Од буюу түүний “Midwest" баг Леброн Жэймсийн хүү Бронни Жэймсийн "Strive For Greatness" багтай тоглож, 99-97 харьцаатай хожжээ. Тэрбээр, NBA-д тоглосон анхны Монгол тамирчин болох зорилготой бөгөөд одоо АНУ-д сурч, бэлтгэл сургуулилтаа хийж буй аж.
Эл тоглолт нь Леброн Жэймсийн сурч байсан ахлах сургуулийн заланд зохион байгуулагдаж, домогт Леброн Жэймс өөрийн биеэр ирж, хүүгээ дэмжсэн гэнэ. NBA-ийн гурван удаагийн аварга Дэнни Гриний зохион байгуулж буй “The Battle: Summer Showcase” хэмээх тэмцээний хүрээнд дээрх хоёр баг тоглож, Ш.Энхийн-Одын баг ялалт байгууллаа. Энэ талаар “NBA talk” шоуны хөтлөгч Г.Идэр-Ууган өөрийн цахим хуудаст “ЛеБрон Жэймсийн тоглож өссөн, од болсон талбай дээр хүүгийнх нь эсрэг Монгол Майк дүү минь тоглоод хожно гэдэг мөрөөдөл цаашаа” хэмээн нийтэлжээ.