Олон улсын жүдо бөхийн холбооноос Токиогийн зуны олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд оролцох тамирчдын чансааг гаргав. Тус улсын “Nippon budokan” ордонд ирэх сарын 24-31-нд 386 жүдоч, 15 цогц медалийн төлөө (эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жин, холимог багийн төрөлд) өрсөлдөх юм. Олимпын татамид Монгол Улсаас 12 жүдоч хүч сорих болжээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д Д.Сумьяа, 63 кг-д Б.Ганхайч, -78 кг-д О.Мөнхцэцэг (тивийн квотоор) нар зодоглох бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д С.Моллаей, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг Л.Отгонбаатар, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар жин тус бүртээ шилдэг 18-д чансаагаараа багтав. Манайхан холимог багийн төрөлд ч оролцох эрхээ авсан юм.
Сонирхуулахад, Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сумын Баянголын аманд орших “Champions camp” бэлтгэлийн баазад ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл нарын удирдлагад олимпын наадмын бэлтгэл базаахаар гарлаа. Монголын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -81 кг-ын жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саид Моллаей, өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр бэлтгэлд хамрагдахаар болжээ.