“Манчестер сити” багийн дасгалжуулагч П.Гвардьола “Аваргуудын лиг”-ийн финалд нэгээс олон багийг шалгаруулсан долоо дахь дасгалжуулагч боллоо. Тэрбээр өмнө нь 2009, 2011 онд “Барселона” багтай тус тэмцээнд түрүүлж байсан юм. Түүнээс гадна эл жагсаалтад хэн хэн байдгийг сонирхъё.
ОТТМАР ХИТЦФЕЛД
Тус тэмцээний финалд хоёр өөр багийн хамтаар шалгарч байсан эхний дасгалжуулагч нь О.Хитцфелд юм. Эхлээд тэрбээр 1997 онд Дортмундын “Борусси” багийг удирдан финалд үлдэж, улмаар К.Ридлегийн дубль, Л.Риккений гоолоор Италийн “Ювентус”-ийг буулган авч байв. Үүний дараа Германы “Байерн” багийг дасгалжуулж эхэлсэн О.Хитцфелд Европын клубүүдийн хамгийн том тэмцээнд дахин хоёр ч удаа финалдсан юм. 1999 онд “Байерн” түүхэнд үлдсэн шуугиант тулаанд “Манчестер юнайтед” багт ялагдсан бол 2001 онд Испанийн “Валенси”-г ялан түрүүлж байлаа. Герман мэргэжилтэн ийнхүү тус тэмцээнд хоёронтоо аваргалжээ.
ЮПП ХАЙНКЕС
Жагсаалтын дараагийн “зочин” бол агуу Ю.Хайнкес юм. Түүний тэргүүлсэн “Реал” 1998 онд П.Миятовичийн гоолоор “Ювентус”- ыг буулган авч, “Аваргуудын лиг”-т түрүүлж байв. Гэвч тэрбээр дахин финалд шалгарахын тулд 14 жил хүлээсэн юм. Ю.Хайнкесийн босгосон хүчирхэг “Байерн” баг 2012 онд финалд шалгарсан боловч Английн “Челси”-д торгуулийн цохилтоор ялагдав. Гэвч дараа жил нь М.Манжукич, А.Роббены гайхалтай тоглолтын үр дүнд “Борусси” багийг ялан, Ю.Хайнкес цомыг хоёр дахиа өргөсөн түүхтэй.
ЛУИ ВАН ГААЛ
Тэрбээр дасгалжуулагчийн замналаа дуулиантай эхлүүлсэн бөгөөд 1990-ээд оны дундуур “Аякс” багийг хоёр удаа “Аваргуудын лиг”-ийн финалд шалгаруулж байв. Тэд 1995 онд П.Клюйвертийн гоолоор “Милан”-ыг ялж аваргалсан бол дараа жил нь “Ювентус”-т торгуулийн цохилтоор ялагдсан. Үүнээс 15 жилийн дараа голланд мэргэжилтний “Байерн” финалд Ж.Моуриньогийн “Интер” багт 0:2-ын харьцаатай хожигдсон билээ.
КАРЛО АНЧЕЛОТТИ
Жагсаалтад буй дасгалжуулагчдаас хамгийн олон удаа “Аваргуудын лиг”-ийн финалд шалгарсан мэргэжилтэн бол “Дон Карло” билээ. Тэрбээр эл том тэмцээний үзүүр, түрүүг дөрвөн удаа булаацалдаж байв. К.Анчелотти “Милан”-ыг тэргүүлж байхдаа 2003, 2005, 2007 онд финалдаж, эхний удаад “Ювентус”-ыг торгуулийн цохилтоор ялж байсан бол хоёр дахь удаагаа “Ливерпуль” багт дуулиантайгаар ялагдсан. Гэвч хоёр жилийн дараа Ф.Инзагигийн хоёр гоолоор Английн багаас хариугаа авсан билээ.
Хөлбөмбөгийн фанатуудын ой тойнд өдгөө ч тодхон байгаа эл гурван финалын тоглолтоос олон жилийн дараа буюу 2014 онд К.Анчелотти Испанийн “Реал” багийг тэргүүлэн финалд гарч ирсэн юм. Энэ удаад “Эзэн хааны баг” С.Рамос, Г.Бэйл, Марсело, К.Роналдугийн гоолоор “Атлетико”-г 4:1-ээр бут ниргэсэн.
ЖОЗЕ МОУРИНЬО
“Аваргуудын лиг”-т Ж.Моуриньо анх удаа түрүүлснийг үлгэрт гардаг ид шидтэй зүйрлэж болохоор. 2004 онд түүний удирдсан “Порту” багийг финалд шалгарах нь бүү хэл аваргална гэж хэн ч таамаглаагүй байв. Гэвч Португалийн баг финалд “Монако”-г 3:0-ийн харьцаатай бут ниргэн түрүүлж байлаа.
Жозе эл ялалтаас долоон жилийн дараа Италийн “Интер” багийг удирдан дахин финалд шалгарахдаа өмнө дурдсан Л.ван Гаалийн “Байерн”-ыг ялж түрүүлсэн юм.
ЮРГЕН КЛОПП
П.Гвардьолагаас өмнө хоёр багийг “Аваргуудын лиг”-ийн финалд “үлдээж” байсан сүүлчийн дасгалжуулагч бол Ю.Клопп. Түүний удирдсан “Борусси” 2013 оны финалд нутаг нэгт “Байерн”-д 1:2, 2018 онд “Ливерпуль” баг нь “Реал”-д 1:3-аар тус тус хожигдож байв. Ю.Клопп Европын цомын финалд азгүйтдэг гэсэн таагүй нэртэй болох шахсан ч 2019 онд хүсэн хүлээсэн цомоо хүртсэн билээ. Тэд финалд “Тоттенхэм”-ийг 2:0-ийн харьцаатай ялсан юм.