"Алматы-2021" чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 килограммын барилдаан явагдаж, манай улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ. Тодруулбал, 2014 оны өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн аваргад үзүүрлэсэн “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ З.Сумъяабазар 74 кг-ын жинд барилдан эхний хүрэл медалийг авчирсан юм. Тэрбээр шөвгийн наймд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай Кейсүкэ Отогүрог 4:2 харьцаагаар ялж, хагас шигшээд 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Нуркожа Кайпановт 2:4 харьцаагаар ялагдав. Үүний дараа хүрэл медалийн төлөө Киргизстаны Мансур Сиргак Уулуг 4:1 харьцаагаар ялж, шагналын тавцанд гарсан байна.
Харин удаах медалийг насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин ОУХМ М.Цогтгэрэл хүртэв. Тэрбээр шөвгийн наймд БНСУ-ын Гвон Хек Бумыг цэвэр, хагас шигшээд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга Казахстаны Эльхан Ассадовыг 7:2 харьцаагаар ялж шигшээд шалгарсан юм. Харамсалтай нь, алтан медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ангиллын дэлхийн хошой аварга, Ираны Камран Гасемпурт цэвэр ялагдаж, мөнгөн медаль хүртлээ.
Сүүлийн хүрэл медалийг 125 кг-ын жинд барилдсан ОУХМ Д.Хүдэрбулга Узбекистаны Амиржон Нутфуллаевыг цэвэр ялж, халаасаллаа. Энэ нь Д.Хүдэрбулгын Азийн аваргаас хүртсэн зургаа дахь медаль болж байгаа аж. Тэрбээр өмнө нь 2012, 2013, 2016 онд хүрэл, 2014 онд тивдээ алт, 2020 онд мөнгөн медаль хүртэж байсан удаатай.