Гүржийн нийслэл Тбилис хотноо Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-ны Их дуулга ангиллын тэмцээн зохион байгуулагдаж буй. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өчигдөр манай гурван тамирчин барилдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар -73 кг-ын жинд түрүүлж, Монгол Улс хоёр алт, нэг хүрэл медальтайгаар 80 орны багийг тэргүүллээ. Ц.Цогтбаатар нь “D” хэсгийг тэргүүлэн барилдаж, Португал, Итали, Гүрж, Косовогийн тамирчныг сөхрүүлэн аваргын төлөө шалгарсан юм. Улмаар аваргын төлөө Канадын тамирчин, дэлхийн чансааны тавдугаарт эрэмбэлэгддэг Артур Маржелидоныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж, Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамт Ташкент, Тбилисийн Гранд Сламд дараалан түрүүллээ. Ингэснээр Ц.Цогтбаатар дэлхийн чансааны 1000 оноо авч тавдугаар байр руу дэвших боломжтой боллоо.